Дорноос ирсэн мэргэд

Дорноос ирсэн мэргэд

Библи, Матайн бичсэн Сайнмэдээ, 2 дугаар бүлэг 1-12

Дорнын алс нутагт мэргэн хүмүүс амьдран суудаг байжээ. Яагаад ийн нэрлэсэн бэ? Юуны түрүүнд тэд янз бүрийн ухааныг судалдаг байж. Од гарагийг ажиглах нь тэдний дуртай ажил байлаа.

Нэгэн шөнө мөнөөх мэргэд тэнгэр ажиглаж байгаад гэнэт нэг шинэ юм олж харлаа. Энэ нь тод гэрэлтэх нэгэн од. Дорнын тэнгэрт одод олон ч энэ од бусдаасаа ялгарч харагдав. Үгүй ээ, өмнө нь үзэгдээгүй од байна. Тэрээр өөр оддын нэгэнтэй нь ч адилгүй онцгой юм.

“Хаа нэгтээ, дэлхий дээр Хаан төрсөн байна. Мэргэд хэрэв энэ одыг дагаад явбал тэр газар хүргэнэ” хэмээн, шинэ од үзэгдсэн учир шалтгааныг тэдэнд Бурхан зааж хэлэв. Тэд ч баярласан гэж жигтэйхэн! Тэгээд аян замд гархаар зэхэж, бас тэрхүү мэндлэх Хаанд барих бэлэг сэлтээ ч мартсангүй. Хэрэгтэй гэсэн бүхнээ аваад мэргэд замдаа гарлаа.

Урт удаан аян байсан боловч тэд нөгөө одыг даган явж, од ч тэдний өмнө тод гэрэлтэн зам мэргэдийг араасаа дагуулсаар. Ингээд эцэст нь, ариун хот Иэрүшалээмд хүрэлцэн ирлээ. Шинэ төрсөн Хааныг үзэх гэж тэгтэл яарсан мэргэд Түүнийг тэндээс олно гэж найдаад шууд л хааны ордонг зүглэв.

Хэрөөд хаан, тэр гийчдэд зориуд элгэмсэг хандаж, хүрэлцэн ирсэн учир зорилгыг нь хоол зоогийн үеэр нягталж лавлан, тэр мэргэд ч, Хаан мэндэлсний тэмдэг болж үзэгдсэн мөнөөх одны талаар дуртайяа ярьж хөөрч байв.

– Юун түрүүнд Түүнийг хааны ордонд эрэх ёстой гэж бодоод бид наашаа ирлээ хэмээн мэргэд яриагаа дуусгав.

– Та нар зөв юм хийжээ гээд Хэрөөд

– Харамсалтай нь энд шинээр төрсөн хүүхэд нэг ч алга. Гэлээ ч, би та нарын эрэлд дуртайяа туслах байна. Миний хаант улсад мэдлэгтэй эрдэмтэд бий тул тэднийг дуудаад тэднээс цөмөөрөө бүгдийг мэдэж авъя. Үнэндээ ч, төр улсын тэр эрдэмт хүмүүс цаашдын эрэлд тусалж чадна гэв.

– Тэр Хаан Бэт-лээхэмд төрнө гэж Библийн доторх Мика эш үзүүлэгчийн номд гардаг гэж номын хүмүүс хэлсэнд

– Бэт-лээхэм бүр энэ хажууд гэж Хэрөөд харь зочдодоо хэлээд – Та нар өмнө зүг, унаатайгаа үдээс хойш гарлаа ч харанхуй болохоос өмнө тэнд хүрчихнэ. Бүгдийг сайтар тандаж мэдээд, буцахдаа над дээр ирж хэлээрэй. Би ч бас мэндэлсэн тэр Хаанд бэлэг сэлт хүргэмээр байна гэжээ.

Энэ үедээ, Хэрөөд заналтай мушилзсанаа арайхийн нуужээ. Тэрээр хүүхдэд бэлэг өгөх биш харин алахыг бодож байв.

Мэргэд үүнийг тааварлаагүй нь мэдээж. Баярласан сэтгэлээр замд гарч, Бэт-лээхэмд орж ирэхэд харанхуй болж, од түгэж байв. Алс замыг нь удирдаж ирсэн нөгөө одыг бусад оддын дундаас олж хараад мэргэд ихэд баярлав. Од тэдний өмнө хөдлөн явсаар, Нярайн байгаа газар очиж тогтов.

– Энд л байх ёстой хэмээн баярласан тэд

– Чухамхүү энэ байшин! Бурхан биднийг замчилжээ! гэлцэв.

Намба төрх бүрдсэн тэр эрчүүд энэ өчүүхэн байранд орж ирэхийг Иосээф хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Марии тэр хоёр, алс хол орноос ирсэн, ийм чинээлэг гийчдийг хэзээ ч угтаж үзсэнгүй.

– Исраэлийн, шинээр мэндэлсэн Хааныг бид эрж явна! гэж зочид хэллээ.

– Хүүхэд тэр байна гээд Иосээф нярай Хүүг заав. Ийм тансаг чинээлэг хувцасласан, эрдэмт мэргэн эрхмүүд, яг л Бурханд мөргөж байгаа юм шигээр, жаахан хүү Иэсүст өвдөг сөхрөн унах нь хачирхалтай харагдана.

Гэтэл бүр юу болсон гээч? Мэргэд, алт, бойгор, гүгэл тэргүүтэн үнэтэй цайтай бэлэг сэлтийг Иэсүст өргөн барьж, нярай Хүү, Марии, Иосээф нартай салах ёс гүйцэтгээд явж одлоо.

Тэр шөнө, Бурхан мөнөөх мэргэдийн нэгэнд, Хэрөөдийн жинхэнэ санааг зүүдээр илчилжээ.

– Бурхан надтай ярилаа. Хэрөөд тэгж найрсаг хандсан нь худлаа байж. Тэрээр, нярай Хүүд бэлэг өгөх биш, харин хорлох гэж байгаа гэнэ. Тийм учраас бид ордонд очих хэрэггүй юм байна хэмээн нөхдөдөө ярив.

Ингээд тэд, нярай Хүүг олсон гэдгээ харгис хаанд хэлэлгүй нутаг орноо тэмцэв.

Дараа шөнө нь Бурхан Иосээфийн зүүдэнд орж, эхнэрээ хүүтэйгээ аваад Мисиир рүү зугтах хэрэгтэй гэжээ. Иосээф, хором ч алгуурлалгүй босоод, бяцхан Иэсүсийг Мариигийн хамт авч тэр шөнө дүлээр замд гарлаа.

Мисиир хүрэх зам тийм ч ойр биш. Бурхан тэднийг том гай зовлонгоос зайлуулсныг тэд хожим нь ойлгожээ. Хэрөөд, үнэндээ, мэргэдийн чимээгүй явчихсанд маш ихээр уурлаж хилэгнэжээ. Тиймээс, Бэт-лээхэм түүний орчин дахь хоёр хүртэлх насны бүх эрэгтэй хүүхдийг хөнөөх тушаал өгсөн байж. Тэдний дунд, мөнөөх шинэ төрсөн Хаан байж таарна гэж тэрээр найдсан боловч, Иэсүс аль хэдийнээ аюулаас мултарсан байв.

Хэрөөд тун удалгүй үхсэн бөгөөд үүний дараа Бурхан бас нэг зүүдийг Иосээфт зүүдлүүлж, тэр зүүдээр нь Тэнгэрэлч, аюул өнгөрсөн тул Исраэльдаа эргэж ирж болно гэдгийг хэлэв. Иосээф дахин Марии Иэсүс нарыгаа аваад эх нутагтаа буцаж Назаарт ирлээ. Энэ хотод Христ хүүхэд өсвөр насаа үджээ.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Мэргэд ямар ер бусын юмыг тэнгэрт үзсэн бэ?

  2. Тэд Иэрүшалээмд хэнийг олно хэмээн найдаж байв? Тэд хэн дээр ирсэн бэ?

  3. Тэд Иэсүст ямар бэлэг сэлт авчрав?

53. Дорноос ирсэн мэргэд00:00 / 06:28