
Хээр хоносон хоньчид
Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 2 дугаар бүлэг 8-20
Бэт-лээхэм хавьд малчид хонио хариулж байлаа. Шөнө болоход, махчин араатан хаа сайгүй тэнүүчлэн, хэзээ л бол хэзээ жижиг хурга шүүрч мэдэх тул тэд унтаж болдоггүй байв. Тэнгэр ямар ч байлаа гэсэн, малчид шөнө болгон сүргээ сайтар харж байх хэрэгтэй болно.
Юу болж байна аа? Юу гээчийн хурц тод, нүд гялбам гэрэл вэ? Хөнгөн зөөлөн гэрэл гялбуулсаар хэн нэгэн нь тэнгэрээс тэдэн дээр бууж ирэх нь тэр! Хоньчид айдас хүйдэст автав. Хачин юм аа! Энэ чинь Эзэний Тэнгэрэлч байна! За тэгтэл, Тэнгэрэлч тэдэнтэй ихэд эелдгээр ярьж
– Бүү айж эмээ! Бүх хүнд хүрэх учиртай бөөн их баяр хөөрийг Би та нарт дуулгая! хэмээгээд Тэрбээр, энэ шөнө Бэт-лээхэмд эсэнисэн гайхамшигт Нярайн тухай мэдээ хүргэхээр тэнгэрээс ирлээ гэдгээ мөнөөх малчдад тайлбарлав. Энэ Нярай бол Аврагч, Христ Эзэн ажээ.
Удтал хүлээсэн Аврагч нь ирснийг хоньчид мэдээд цочирдон гайхширав. Энэ ч ёстой л шинэ мэдээ байна! Тэгээд дараа нь тэд бас нэг ер бусын юм сонссон нь “Нярайг харахын тулд баян тансаг ордонд очих хэрэггүй” гэнэ. “Тэд түүнийг тэжээлийн тэвшинд байгааг олж мэднэ” гэсэн тул юуны түрүүнд малын саравч хайна гэсэн үг.
Хоньчид хоорондоо үг солилцож ч амжаагүй байтал, гэнэт тэнгэрээс
Тэнгэрэлч нар
– Дээр агч Бурханд алдар нь байг, дэлхий газар дахь хүмүүст таалал соёрхол нь оршиг! хэмээн алдар магтаалыг дуурсгаж гарав. Энэ бол газар дэлхий дээр нэгэн цагт дуурссан хамгийн гайхамшигт сайхан дуун ажээ.
Ингээд Тэнгэрэлч нар үзэгдэхээ болилоо.
Хоньчид бие биенээ харан
– Алив, Бэт-лээхэм орж, Эзэний бидэнд дуулгасан тэрхүү Аврагчийг олъё гэлцэв.
Энэ мэдээг Бурхан Өөрөө дуулгасан гэдэгт тэд бат итгэж байлаа. Бурхан мал сүргийг нь харж хамгаална хэмээн бүрэн итгэсэн хоньчид Бэт-лээхэм орохоор яаравчлав.
Тэнд очоод өнөөдүүл, малын саравчийг олж, бүгд Бурханы хэлснээр болж байгааг, Марии бас Иосээфыг тэжээлийн тэвшин доторх Нярайг олж харлаа. Хоньчдын зүрх сэтгэл үлэмжийн баяр хөөрөөр бялхаж байв. Удтал хүлээсэн Аврагч-Машияах буюу Бурханы Хүү Иэсүстэй хамгийн түрүүнд учрах завшаан тэдэнд тохиолоо шүү дээ.
Ярилцах асуултууд
4 асуултШөнөөр хээр байсан хүмүүс хэн бэ? Тэд тэнд юу хийж байв?
Хоньчидтой ярихыг Тэнгэрэлчид хэн тушаасан бэ? Тэр тэдэнд юу хэлсэн бэ?
Тэнгэрэлч нар ямар алдар магтаал өргөсөн бэ?
Тэнгэрэлчийн үгэнд хоньчид итгэсэн үү? Тэд Иэсүсийг харахаар яарсан нь уу, өглөө болтол хүлээхээр шийдсэн үү?