
Баабил цамхаг
Библи, Эхлэл номын 11 дүгээр бүлэг
Дэлхий даяны тэр үерийн дараа Ноахын хүү Шээм, Хаам, Еэфэт нарын хөвүүдэд үр хүүхэд, ач нар бас олноор төржээ. Харин, хүмүүс үерийн өмнөх шиг өндөр наслахаа больсныг хэлэх хэрэгтэй юм. Ноах 950, түүний хүү Шээм 600 насалсан бол Шээмийн хүү 450 насалжээ.
Гэвч, Ноахын үрс даруй газар газарт нүүн тархаад, дараах үйл явдал үүдэж гарчээ. Хүмүүс дорноос нүүж Шинаарын газар ирэхдээ нэг л хэлээр ярилцдаг байж. Нэг удаа тэдэнд нэг санаа төрж, бие биендээ
- Алив явж, хот байгуулан, тэнгэр тулсан цамхаг босгох тоосго цохиж шатаацгаая. Ингэж л дэлхий даяар тарчихаасаа өмнө алдар нэртэй болцгооё гэлцэв. Эзэн тэдний сэтгэл зүрхэн дэх ихэрхэл бардамналыг хараад, өгүүлрүүн
- Бууж очоод энэ улс амьтны хэлийг хутгалдуулж орхиё. Тэгвэл тэдний энэ уулгар дүүлгэр, утга учиргүй санаа сэдэл бүтэхээ болино хэмээхүй агшинд хүмүүс өөр өөр хэлээр өөр хоорондоо ярьж эхлээд бие биенээ ойлгохыг бүр болив. Үүнээс болоод өнөөдүүл цамхаг барихаа ч зогсоож бөөн мунгинаан болов.
Ингээд Эзэн тэднийг дэлхий даяар бутраасан учир мөнөөх хот Баабил буюу “холион бантан” нэртэй болжээ. Ийнхүү, Дэлхий даяны их үерийн дараа олон янзын хэл буй болсныг Баабил цамхагийн түүх тайлж өгүүлмой.
Ярилцах асуултууд
3 асуултДэлхий даяар нүүн тархахынхаа өмнө хүмүүс юу хийхээр санаархсан бэ?
Яагаад тэд бүтэлгүйтсэн бэ?
Баабил буюу Вавилон хотын нэр ямар утгатай вэ?