
Бэлшаццаар хааны найр
Библи, Даниэль номын 5 дугаар бүлэг
Нэвүхаднэццаарыг насан эцэслэхэд Бэлшаццаар Вавилоны хаан суув.
Тэрбээр найр цэнгээнээр цагийг нөгцөөх дуртай нэгэн бөгөөд Вавилон хотыг нь дайсан бүсэлчихээд байхад ч өргөн их найр хуурыг үүсгэн суувай. Дарс сархад гол мөрөн адил халгилсан тэр их найранд нь улс орны ихэс дээдэс мянга мянгаараа иржээ.
Бэлшаццаар согтчихоод, Иэрүшалээмын сүмээс эцэг Нэвүхаднэццаарынхаа зөөж ирсэн алт мөнгөн суулгаар уухыг санаархаж, авчруулахаар зарлигдав. Энэ сацуу тэд, өөрсдийн хиймэл бурхан шүтээнийг, дайснаас нь аварна хэмээн горилж магтан алдаршуулж гарав.
Гэтэл, өргөө танхимд гэв гэнэт үхсэн мэт нам гүм боллоо. Учир битүүлэг үгсийг нэгэн ханан дээр бичих гарын сарвууг хаан хийгээд зочин гийчид айдас түгшүүртэйгээр ширтэн харна. Тэрхүү бичээсийг унших, ойлгох хүн нэг ч гарсангүй. Хааны царай цонхийж цайгаад, хамаг өвдөг нь салгалан чичрэв. Ханан дээр бичсэн юмны учир утгыг тэрээр эс мэдэвч, энэ болж байгаа бүхэн түүнд олигтой юм зөгнөөгүй нь илт байлаа.
Тэрбээр чанга хашхиран, Вавилоны цэцэд мэргэд, арга жатгачдыг өөр дээр нь авчрах тушаал өглөө. Хаан Бэлшаццаар, бичээсийг уншин чадваас хамаг сайн сайхан бүхнийг өгөхөөр тэдэнд амласан боловч мэргэд үүнийг гүйцэлдүүлж эс дөнгөв. Тэгтэл, эх нь түүнд, ариун Бурханы сүнс бүхий Даниэль гэгч хүн энэ хаант улсад бий. Нэгэн цагт Нэвүхаднэццаар хаан түүнийг хамаг мэргэдийн тэргүүнээр тавьж байсан гэдгийг шивнэн хэллээ.
МЭНЭЭ МЭНЭЭ, ТЭКЭЭЛ ҮПАРСИЙН
Даниэлийг авчирахад Бэлшаццаар
– Чамайг би, Бурханы сүнс бүхий ухаан чадвартай хүн гэж дуулсан. Энэ хэдэн үгийн учрыг Вавилоны мэргэд надад тайлж өгч чадсангүй. Хэрвээ чи үүнийг чадах аваас, чамайг ихээхэн шан харамж угтах болно гэлээ.
Гэвч Даниэль
– Бэлэг сэлтийг өөртөө үлдээж, алдар хүндийг өрөөлд өгөгтүн! Ийм юмгүйгээр би, энд бичсэнийг уншиж, эдгээр үгийн утгыг тайлъя гээд цааш үргэлжлүүлэн
– Бурхан л хаад ихэс, хамаг үндэстнийг эзэгнэн захирдаг юм. Харин тэгтэл, Бэлшаццаар та Бурханы өмнө зүрх сэтгэлээ зөөлрүүлэлгүй, их зан, ихэрхүү авир гаргаж, ихэс ноёд, эхнэр хүүхнүүдтэйгээ, Эзэн Бурханы өргөөний энэ сав суулгаар архи дарс уужээ. Бас тэгээд та нар юм хардаггүй, юу ч сонсдоггүй, алт мөнгө, мод чулуун бурхдаа алдаршуулан магтаж, харин амь насыг соёрхож, алхам бүрийг тань атгандаа барьдаг амьд Бурханд алдрыг эс өгчээ. Тийм учраас, Түүний сунгасан мутар МЭНЭЭ МЭНЭЭ, ТЭКЭЭЛ ҮПАРСИЙН гэсэн энэ үгсийг бичсэн байна. Эдгээр үгийн утга нь “Хаанчлалын тань өдөр хоногийг Бурхан тооцоолоод түүнд эцэс тавьжээ. Таныг бас жинлэж үзэхэд та дэндүү хөнгөн байж. Хаан улсыг тань хоёр хувааж мидичүүд болон персүүдэд өгсөн ажээ” хэмээв.
Яг тэр шөнөдөө Бэлшаццаар хаан алуулж, Вавилоныг Персийн хаан Күүрүш эзлэн авчээ. Ингээд Вавилоны хүчирхэг хаант улс цаашид оршин тогтнохоо болив.
Ярилцах асуултууд
4 асуултВавилон бүслэгдчихээд байхад Бэлшаццаар хаан юу хийж байв?
Найран дээр дарсыг юугаар ууж байсан бэ?
Бэлшаццаар болон түүний ордныхон ямар үзэгдэл үзэв? Үүнийг Бэлшаццаарт хэн тайлж өгсөн бэ?
Бэлшаццаарын гол буруу юу байв? Тэгээд тэр яасан билээ?