
Арслантай нүхэн дэх Даниэль
Библи, Даниэль номын 6 дугаар бүлэг
Перс ба Мидийнхний хувьд зарлигийг хэрхэвч зөрчих ёсгүй байлаа. Хаан хүртэл нэгэнт гаргасан зарлигаа өөрчлөх эрхгүй байв. Даниэль ч энэ шинэ хуулийг тун удалгүй мэдсэн нь тодорхой. Гэлээ ч, тэрээр өдөрт гурван удаа Эзэнд сөхрөн мөргөж залбирсар байжээ. Залбирлын өрөөнийх нь цонх онгорхой байдаг болохоор, түүний дуу хоолой, ордныхны байдаг тэр гудамд яваа хэнд ч дуулдах аж. Түшмэдүүд гэрт нь дайран орж түүнийг барьж авав. Тун удалгүй тэд Дараяавуш хаанд ирээд, үзсэн дуулснаа түүнд өчлөө. Хаан ихэд гутрангуйгаар
– Ийм юм байж таарахгүй! Та нар миний найз, хамгийн сайн сайдыг минь гүтгэж чадахгүй... Үүнийг би зөвшөөрөхгүй! гэсэнд
– Гэлээ ч, их хаантан минь, бид түүнд ямар ч муу юм хийхийг үл хүснэ! Гагцхүү хууль журам л үүнийг шаардаж байна шүү дээ хэмээн тэдний нэг нь хэлж зүрхлэв.
– Чи худал хэлж байна! хэмээн хаан хашхираад
– Та нар Даниэлийг зайлуулах гэсэндээ энэ зарлигт надаар гарын үсэг зуруулсан байна! Миний нүднээс далд орцгоо! гэж зандарлаа.
Дараяавуш яахаас ч буцахааргүй болжээ. Тэрбээр өдөржингөө бодол болж, сайд нөхөдтэйгөө зөвлөлдөв. Гэтэл, зарлигаас хэрхэн давж болохыг хэн ч мэдсэнгүй.
Шахаанд орсон хаан Дараяавуш, хэдийнээ арслантай нүхний өмнө зогсож буй Даниэль дээр ирлээ. Хэрэгтэнд цааз оноосон л бол, хэрцгий араншинг нь өдөөхийн тулд арслангуудын хоолыг хэд хоног хорьдог байжээ. Дараяавуш сэтгэл ихэд зовуурилан Даниэлийн мөрөн дээр гараа тавиад
– Чиний эргэж хөрвөлгүй үйлчилж мөргөдөг Бурхан одоо чамд туслаг дээ. Харин би юу ч хийж чадашгүй нь гэлээ. Хаан ийнхүү Даниэлийг нүхэнд хаях дохио өгсөн хэрэг байжээ.
Дараяавуш өдөржин юу ч амссангүй, шөнөжин нүд хамхисангүй. Нар дөнгөж мандмагц тэрээр арслантай нүх рүү яаравчлан очоод
– Даниэль! хэмээн чичирхийлсэн хоолойгоор дуудаад
– Даниэль, чи амьд уу? Бурхан нь чамайг авраа юу? гэв.
Нүхэн дотроос Даниэль бүдэгхэн дуугаар
– Тийм ээ, хаантан минь! Бурхан Тэнгэрэлчээ илгээн арслангуудын амыг хаасан болохоор тэд надад ямар ч гэм хор учруулсангүй гэлээ.
Даниэлийг тэр дор нь нүхнээс татан гаргавал тэрбээр огтхон ч гэмтээгүй байлаа. Хаан ер бусын баяр хөөр болж, сэтгэл санаа ихэд хөнгөрөв.
Тэрээр ордондоо эргэж ирмэгц, Даниэлийн өстнүүдийг нүхэн дэх арслангуудад даруй хаяж өгөхийг тушаагаад, улс орныхоо өнцөг булан бүрд агч ноёд түшмэдэд
– Миний хаант улсын иргэн бүр Даниэлийн Бурханыг хүндлэн мөргөсүгэй. Тэр бол амьд Бурхан учраас амийг аварч, гайхамшгийг үйлдэж чадна.
Түүний хаант улс минийхтэй зүйрлэшгүй агуу бөгөөд эгнэгт мөнх оршин тогтноно хэмээсэн захирамж илгээмж явуулжээ.
Ярилцах асуултууд
3 асуултДараяавуш хааны шинэ зарлигийг мэдээд Даниэль яасан бэ?
Дараяавуш хаан Даниэлийг арслантай нүхэнд хаяхын өмнө юу гэж хэлсэн бэ?
Даниелийн аврагдсаны дараа Дараяавуш ямар зарлиг гаргав?