Галтай зуух

Галтай зуух

Библи, Даниэль номын 3 дугаар бүлэг

Даниэлийн Бурхан бол цор ганц үнэн Бурхан гэдгийг Нэвүхаднэццаар удаж төдөлгүй мартжээ. Тэрбээр, алтаар хөрөг шүтээн бүтээж, бүгд цөмөөрөө түүнд сүслэн мөргөж байх тушаал буулгав. Ингээд үүндээ зориулан баяр ёслол үйлдэж, баахан зочин урьж, бас Даниэлийг ч нөхөдтэй нь багтаажээ. Ингээд, хөгжмийн дуун эхлэхэд, бүгд газар унан хөрөг шүтээнд мөргөх бөгөөд үүнийг эс дагаваас галтай зууханд хаях болно хэмээн мэдэгдэв.

Баяр ёслол эхлэн, хөгжим аялгуу үүсгээд, алтан хөрөг шүтээний өмнө бүгд сөхрөн унаж мөргөлөө. Иэхүдаа гурван залуугаас бусад нь бүгд ийн үйлдэв. Албатууд нь энэ тухай хаанд мэдүүллээ. Хилэгнэж цухалдсан Нэвүхаднэццаар нөгөөдүүлийг авчруулаад, тэдэнд сонголт болгож

– Эсвэл та нар алтан хөрөг шүтээнд мөргө, эс бөгөөс улайдсан зууханд хаягдах болно. Ингэхэд, ямар Бурхан та нарыг миний гараас мулталж чадах билээ? хэмээхүйд Шадраах, Мэйшаах, Аваднэго нар хаанд

– Бидний мөргөж үйлчилдэг манай Бурхан бол улайдсан зуухнаас ч, таны гараас ч аврах чадалтай. Тэрээр үүнийг эс үйлдлээ ч бид танай бурханд үйлчилж, алтан хөрөгт мөргөхгүй ээ! гэлээ.

Ийн хэлсний нь хариуд Нэвүхаднэццаар, зуухыг ердийнхөөс нь долоо дахин илүүтэй галлахыг тушаагаад, тэднийг хүлж зууханд хаяхыг хамгийн тэнхээтэй дайчдадаа зарлиг болгов.

Зуух асар ихээр халсан тул, Шадраах, Мэйшаах, Аваднэго нарыг зууханд хаясан цэргүүдийг ч шатааж алав. Гурван залуу хүлээтэй чигээрээ зууханд унахад, болж буй бүхнийг ажиглаж байсан хаан, тэнд нэг учир нь олдохгүй юм үзээд айх гайхах зэрэгцэв. Тэрээр ухасхийн босож, зөвлөхүүдээ дуудаад

– Бид чинь, хүлээтэй гурван хүн зууханд хаяагүй бил үү?

– Тэгсээн гэж цаадуул нь хариулахад

– Гэтэл, гал дотор чинь огт гэмтээгүй бүтнээрээ дөрвөн хүн сул явж байгааг би харж байна! Дөрөв дэх нь Бурханы хүү бололтой үзэгдэнэ гэж Нэвүхаднэццаар дуу алдаад, зуух руу гүйн хүрч

– Шадраах, Мэйшаах, Аваднэго, Оройн дээд Бурханы боолууд аа! Гараад ир! Нааш ир! хэмээн хашхирав.

Тэгэхэд, нөгөө гурав галаас гараад хаанд дөхөж ирлээ. Хааныг тойрон зогсоо зөвлөхүүд нь, нөгөөдүлийн үс ч хуйхлагдаагүй, хувцас ч шатаагүйгээр барахгүй, хиншүү хярвас ч үнэртэхгүй байгааг үзлээ.

Мундаг хүчирхэг дайчид ч зуухны аманд ойртонгуутаа л шатаж үхсэн болохоор, энэ бол үнэхээрийн гайхамшиг мөн байлаа.

Нэвүхаднэццаар ч иэхүдаа залуусын мөргөж биширдэг тэрхүү Бурханы төгс хүчин чадлыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болж, чин үнэнээсээ

– Өөрт нь итгэж найддаг зарц нартаа Тэнгэрэлчээ илгээж аварсан, Шадраах, Мэйшаах, Аваднэго нарын Бурхан ивээл ерөөлтэй еэ. Тэд амь насаа алдахаас ч буцахгүйгээр, Өөрийн Бурханаас өөр ямар ч бурханд мөргөөгүй билээ гээд Нэвүхаднэццаар хаан найз гуравт алба үүргийг нь, алдар хүндийг ч бас буцаан өгчээ.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Нэвүхаднэццаар хаан ямар зарлиг гаргасан бэ?

  2. Яагаад Даниэлийн найз нөхөд алтан хөрөг шүтээнд мөргөхөөс татгалзав?

  3. Бурхан тэднийг хэрхэн аварсан бэ? Тэд аврагдахыг үзээд Нэвүхаднэццаар юу гэж хэлсэн бэ?

45. Галтай зуух00:00 / 04:05