
Даниэль ба түүний нөхөд
Библи, Даниэль номын 1 дүгээр бүлэг
Иэхүдаагийн хааны болон ихэс ноёдын үр удам болох хэдэн залуу, Нэвүхаднэццаарын ордонд амьдардаг байжээ. Энэ залуусын тухайд хаан онцгой төлөвлөгөөтэй байв. Тэрээр, залууст касдай хэл, төрөл бүрийн ухааныг зааж сургаад, агуу их эзэнт гүрнийг захирах туслагч нараа болгохоор шийдсэн байж.
Тэр залуусыг Даниэль, Хананиа, Мишаэль, Азариа гэх боловч энэ нэр ус нь тэдэнд иэхүдаа удам гарвалыг нь сануулаад байхгүйн тулд вавилоноор Бэлтэшаццар, Шадраах, Мэйшаах, Авэднэго хэмээн нэрийг нь өөрчилжээ.
Найзууд, олзонд байхдаа ч өөрийнхөө Бурханд итгэн залбирсаар аж. Тэд, амь насанд нь заналхийлэхийг ч үл харгалзан бүр анхнаасаа л, хааны зоогийн ширээн дэх идээ будаа, архи дарсаар бузартахгүй байхаар шийджээ.
Бурхан энэ залуусын эр зориг, итгэл бишрэлийг ивээж ерөөн мэргэн ухаан, мэдэх сурах мэдлэг чадвар, түүнчлэн гойд сайхан үзэмж жавхааг тэдэнд харамгүйеэ хайрлав.
Даниэль бас онцгой нэгэн бэлгийг Бурханаас авч, Бурханы Сүнсний тусламжтайгаар зүүд, үзэгдлийг тайлж чаддаг болжээ. Нэгэн удаа тэрбээр, өөр хэний ч тайлбарлаж дийлээгүй зүүдийг нь Нэвүхаднэццаарт тайлж өгөв. Хаан үүнд нь гайхан биширч, энэ бол Даниэлийн хувь чадвар бус, харин Бурханаас түүнд өгсөн бэлэг байна хэмээхээр барахгүй бас Даниэлийн мөргөж биширдэг жинхэнэ Бурханыг Нэвүхаднэццаар магтан алдаршуулжээ.
Ярилцах асуултууд
3 асуултНэвүхаднэццаар хаан ордондоо хэнийг байлгав? Тэдний нэрс хэн бэ?
Хаан тэр залуусын тухайд ямар төлөвлөгөөтэй байв?
Залуус ямар шийдвэр гаргасан бэ?