
Ионаагийн зугтал
Библи, Ионаа номын 1-4 дүгээр бүлэг
Эрт цагийн хаадад юмуу эсвэл бүхэл бүтэн үндэстэнд үгээ хүргэхийн тулд, эш үзүүлэгч гэгдэх онцгой хүмүүсийг Эзэн сонгож авдаг байжээ. Тэд нар нь Түүний тушаалыг биелүүлэх ёстой аж.
Тийм эш үзүүлэгчийн нэгэн болох Ионаа нэрт хүмүүн байв. Нэг удаа Бурхан түүнд ер бусын тушаал буулган
– Ионаа хэмээн дуудаад
– Нинүвэ орж тэнд эш үзүүл! гэсэнд Ионаа эхлээд “Юу гэнэ ээ, Нинүвэ рүү юү?” гэсхийж эргэлзэв. Нинүвэ бол тэдний хөрш агуу хүчирхэг Ашшүүр гүрний хамгийн том хот. Тэнд эш үзүүлнэ гэдэг бүтэшгүй хэрэг! Тэр орны хүмүүс түүнийг доог тохуу болгоно. Тэндхийнхэн түүнийг зодохоор барахгүй алж ч мэднэ.
– Тэгэхгүй ээ хэмээн Ионаа шийдээд
– Нинүвэ рүү би яасан ч явахгүй! гэлээ.
Бурханы даалгаврыг биелүүлэхгүйн тулд тэрбээр харь газар очиж Бурханаас нуугдах хэмээн нэгэн усан онгоцонд зардлаа төлөөд гарч суужээ. Анхандаа ч бүх юм бүтэлтэй болж, зовлон бэрхшээл таарсангүй.
Гэтэл тэднийг тэнгист нэлээд алс гарсан хойно хүчтэй шуурга дэгдэв. Давалгаа улам улам өндөр болсоор, усан цэргүүд ч айдаст автан, хөлөг онгоц нь живж эхлэхэд тэд өөр өөрсдийн бурхдыг чангаар дуудан
– Бидэнд туслаарай! Биднийгээ авраарай! Бурхад минь сонсож байна уу! гээд л орилолдож гарлаа. Гэлээ ч шуурга улам гааран оволзсоор. Харин Ионаа яалаа? Тэр чинь амьд Бурханыг таньдаг шүү дээ. Тэр залбирсан уу? Үгүй ээ, тэрээр Бурханд өөрийгөө сануулахыг хүссэнгүй. Ионаа хөлгийн ул хөндий рүү бууж, тэнд хэвтээд унтчихаж. Тэгтэл, хөлгийн ахмад ирж түүнийг сэрээгээд
– Бос, бурхантай юм бол түүндээ залбир! Бид живж байгааг харахгүй байна уу?! гэсэнд Ионаа энэ шуурга өөртэй нь, түүний бултаж яваатай ямар нэг холбоотой байх гэж сэжиг төрсөн ч Бурхантай ярихыг хүссэнгүй. Усан цэргүүд хөлгийн тавцан дээр гараад байтал
– Алив, шавга хаяцгаая хэмээн хэн нэг нь шуурганы түрхрээн дундуур хашхирлаа.
– Хэний улмаас Бурхан энэ салхи шуургаар биднийг цээрлүүлж байгааг ингэж мэдье гэлээ.
Шавга Ионаа дээр буужээ.
– Чи хэн гээч вэ, чи яачихсан болоод бурхан чамтай цуг биднийг бас гэсгээж байгаа юм? гэцгээв.
– Тэнгэр, газрыг бүтээгч амьд Бурханд мөргөж үйлчилдэг хүн билээ, би хэмээгээд Ионаа
– Харин би одоо Түүнээс зугтаж яваа юм. Тэр намайг Нинүвэ рүү илгээсэн боловч би тийшээ явахыг хүссэнгүй гэлээ. Усан цэргүүд түүнийг яахаа ч мэдэхгүй дуугай болоход Ионаа
– Намайг барьж аваад, далайруу шид! Тэгвэл шуурга зогсоно. Энэ аюул гамшиг надаас л болоод та нар дээр бууж байгаа шүү дээ гэв.
– Үгүй, бид ингэж чадахгүй хэмээн усан цэргүүд татгалзсан боловч тэдний энэ чармайлт юу ч болохгүйг ойлгоод, хэдийвээр тэд огт таньж мэдэхгүй ч Ионаагийн Бурханаас хүлцэл өчин мань эрийг хөлгийн хашлага давуулж шидлээ.
Яг тэр агшинд салхи шуурга шууд намжив. Усан цэргүүд анхандаа үүнд итгэж чадахгүй байсан ч, удалгүй тавцан дээр сөхөрцгөөж, жинхэнэ үнэн Бурханд хандан залбирцгаав.
Ионаа харин яав аа? Живчихсэн үү?
Үгүй ээ! Эзэн эш үзүүлэгчээ үхүүлэхийг хүсээгүй шүү дээ. Тэрбээр Ионааг Нинүвэд очиж эш үзүүлэхийг хүсэж байгаа. Тиймээс, Бурхан аварга том загас ирүүлэн Ионааг залгиулав. Эш үзүүлэгч маань загасан дотор гурван өдөр, гурван шөнө байжээ. Энэ үедээ тэр Эзэнд ямагт залбирч, Эзэн харин Ионааг хуурай газарт тургиж гаргахыг загасанд тушаав. Ионаа, эрэг дээр гарснаа мэдэж “Бурхан мөн ч хүчирхэг юм! Тэр, бас далайн шуурга, тэнгисийн амьтдад тушаавал тэд гэмшинэ дээ” хэмээн бодоод Нинүвэ тийш яаран хөдөллөө.
Ярилцах асуултууд
3 асуултИонаа яагаад Нинүвэ явахыг хүсээгүй вэ? Тэр хаашаа зугтаав?
Яагаад салхи шуурга эхэлсэн бэ?
Яагаад шуурга намжив? Ионаа хэрхэн эрэг дээр гарч ирсэн бэ?