Бурханы сүм

Бурханы сүм

Библи, Хаадын түүх 1 номын 5-8 дугаар бүлэг

Шэломоогийн хаанчлалыг Эзэн ерөөж, улс оронд нь сайн сайхан бүхэн нүүрлээд, эргэн тойрныхоо үндэстэн олонтой энх амгалан орших боллоо. Эзэнд зориулан сүм барих том зорилт Шэломоогийн өмнө тулгарав.

Исраэльчууд Мисиирээс гарсан цагаас дөрвөн зуун наян жилийн дараа энэхүү сүмийг байгуулах ажил эхэлжээ. Шэломоо эцэг Давиидийнхаа найз, Цоор ба Цидооны хаан Хираамтай гэрээ байгуулж, сүмийн бүтээн байгуулалтад хэрэглэх үнэт мод, чулууг Хираам нийлүүлэх, хариуд нь Исраэль хоол хүнс өгөхөөр тохиролцов.

Сүмийг босгон байгуулах ажил долоон жил үргэлжилжээ. Түүнийг Давиид хаан нас нөгчихийнхөө өмнө Шэломоод гаргаж өгсөн төсөв төлөвлөгөөгөөр хийсэн байна. Тэрчлэн, сүмийн байрлах газрыг ч Давиид зааж өгсөн бөгөөд энэ нь өнө эрт цагт Аврахаам өөрийн итгэлийг Бурханд батлан харуулснаар Исаакийн амийг Бурхан хэлтрүүлсэн тэрхүү Мориа уулан дээр байлаа. Сүм нь «Ариун» ба «Ариунаас ариун» газар гэсэн хоёр хэсгээс бүрдэж байв. Гэрээний авдар байрлуулсан Ариунаас ариун газар нь бусад тасалгаанаас өндөрт бөгөөд нягт зузаан хөшгөөр Ариун газраас тусгаарлагдсан байлаа.

Ариунаас ариун газар нь харанхуй байх ёстой тул цонхгүй ажээ. Библид энэ газрыг “Бурхантай ярих байр” гэх бөгөөд Бурхан үл үзэгдэх байдлаар энд заларч ирдэг байв.

Сүмийг байгуулж дуусаад түүнийг баяр ёслолын байдалтайгаар Бурханд тусгайлан өргөв. Шэломоо хаан, Эзэний гэрээний авдрыг сүмд залахын тулд Исраэлийн хамаг ахмад, овог отгийн удирдагч тэргүүн нарыг цуглууллаа. Тахилчид гэрээний авдрыг Ариунаас ариун газарт авчирахад үүл доошлон буугаад сүмийг нэлд нь бүрхлээ. Энэ бүхнийг сайшаан, Исраэлийн ард түмний дунд хүрэлцэн ирснээ Бурхан ийнхүү ил тодорхой тэмдгээр харуулжээ.

Иймд Шэломоо сүмийг бүтээн байгуулахаар хийсэн бүхэн нь Эзэнд таатай байна гэдэгт итгэлтэй байлаа.

Ярилцах асуултууд

4 асуулт
  1. Ямар учраас Хираам хаан Шэломоод тусалсан бэ?

  2. Сүмийн бүтээн байгуулалт хэр удаан үргэлжилсэн бэ?

  3. Сүм дэх Ариунаас ариун газар ямар зориулалттай байв?

  4. Гэрээний авдрыг сүмд авчирахад юу болсон бэ?

39. Бурханы сүм00:00 / 02:58