
Мэргэн ухааныг сонгосон нь
Библи, Хаадын түүх 1 номын 2,3 дугаар бүлэг
Насан өөд болохынхоо өмнө Давиид хаан Исраэлийн бүх удирдагчдыг Иэрүшалээмд цуглуулав. Тэгээд, Эзэний Асарын оронд нэгэн сүм босгох төлөвлөгөөтэй байсан боловч тэрбээр дайн байлдаан дэндүү их хийсэн тул Бурхан түүнийг нь зөвшөөрөөгүй гэдгийг хэлжээ.
– Миний хүү Шэломоо энэ сүмийг Эзэнд зориулан барина. Хүү маань Бурханы зарлиг тушаалыг сахин дагаж чадваас Эзэн түүнийг орхилгүй хаанчлалыг нь бэхжүүлэхээ амласан юм хэмээв. Ингээд, Эзэний гэрээг чандлан сахиж, чин сэтгэлээсээ Түүнд үйлчилж явахыг бүгдэд нь захижээ.
Ард түмний тэргүүн ноёд ба Давиидийн хөвгүүд бүгдээр шинэ хаан Шэломоод даган захирагдахаа ёслол төгөлдөр тангараглан, Шэломоог Эзэн ерөөснөөр тэр хүчирхэг их хаан болжээ. Тэрбээр өөрийн албат харьяат төдийгүй эргэн тойрны ард түмнүүдийн хайр хүндэтгэлийг хүлээв.
Хаанчлалынхаа эхэнд Шэломоо сэтгэл зүрхнээсээ талархан гүн хүндэтгэлтэйгээр Эзэнд тахил өргөжээ. Залуу хааны шөнийн зүүдэнд
Эзэн үзэгдээд айлдруун
– Юу хүсэж байгаагаа Надаас гуйгтун.
Шэломоо
– Та ямагт эцгийн минь түшиг тулгуур байсаар намайг дараачийнх нь хаан болголоо. Гэвч, би дадал туршлага гэх юмгүй бага залуу хүн тул Таны ард түмнийг шүүн засаглах, сайн мууг ялгаж салгах мэргэн ухааныг надад хайрлаач. Эс тэгвээс Таны энэ их ард түмнийг хэн удирдан захирч дөнгөх билээ? хэмээжхүйд Эзэн хариу болгон
– Өмч баялаг, өндөр насыг биш мэргэн ухааныг гуйсан тул хүслийг чинь Би гүйцэлдүүлнэ. Түүнээс гадна, урьд хожидын ямар ч хаанд байгаагүй, бий болох ч үгүй тийм эд баялаг, алдар хүндийг Би чамд өгнө. Миний зарлиг, Миний тушаалыг эцэг Давиидийнхаа адил сахин дагах аваас нас жилийг чинь ч урт болгоно гэлээ. Шэломоо сэрж босоод, зүүдэнд нь өгсөн Эзэний амлалтад талархав.
Нэг удаа, нялх хүүхэдтэй хоёр эмэгтэй хэрэг явдлаа шүүлгэхийг хүсэж, нэг нь
– Бид нэг гэрт амьдардаг, бас бараг л зэрэг шахуу хүү төрүүлсэн юм. Нэг шөнө энэ хүүхний хүү өнгөрчихсөн. Тэгтэл энэ, намайг унтаж байх хооронд хүүг минь аваад, үхсэн хүүхдээ өвөрт минь хийчихсэн байна гэв.
Үүний хариуд нөгөө нэг нь
– Үгүй ээ, миний хүү амьд, чинийх үхсэн гээд л тэд хааны өмнө мэтгэлцэж гарч. Асуудал төвөгтэй болж, бүгд л хааны шийдийг хүлээж байлаа.
Шэломоо нэгэн албатдаа
– Илд авчраад, амьд байгаа хүүхдийг тас чавчиж энэ хоёрт хувааж өг гэж зарлиг буулгав.
Гэтэл амьд хүүгийн ээж
– Ө-өө, эзэнтэн минь! Энэ хүүхдийг түүнд өг! Битгий л алаарай! хэмээн хашхирахад, нөгөө эмэгтэй нь
– Чинийх ч биш, минийх ч биш болог, хуваачих! гэлээ. Ингэж, хүүгийн эх нь хэн болохыг хаан мэдээд, ээж нь ч хүүгээ амьдаар нь хүлээн авлаа!
Хааны мэргэн шүүлт Исраэль дахинаа дуулдаад, шүүх таслах Бурханы мэргэн ухааныг эзэмшсэн гэдэгт нь бүгд итгэн түүнийг улам ч хүндлэх болжээ
Ярилцах асуултууд
3 асуултЭзэн Өөрт нь сүм барихыг Давиидад яагаад зөвшөөрөөгүй вэ?
Шэломоо юуг Эзэнээс гуйсан бэ?
Эмэгтэйчүүдийн маргааныг Шэломоо хэрхэн шийдвэрлэсэн бэ?