
Гэрээний авдар Цион уулнаа
Библи, Шастир 1 номын 13, 15, 16 дугаар бүлэг
Бурханы амласан ёсоор Давиид эцэстээ хаан болжээ. Бэт-лээхэмд төрж, мөн тэнд л хонь хариулж өссөн тэрбээр хаан болоод харин Иэрүшалээмд амьдрах болов.
Иэрүшалээм бол ер бусын сайхан хот байлаа. Тэр хот хэд хэдэн толгодыг дамнан байрлах бөгөөд тэдгээрийн нэгэн болох Цион уулан дээр Давиид хаан орд өргөөгөө босгожээ. Тэрбээр Бурханд маш хайртай тул Бурханы авдрыг ойр дэргэдээ байлгахыг хүссэн аж. Ингээд цаг нь болж, Давиид авдрыг авчирахаар явлаа.
Олон олон тахилчид Давиидийг дагалдаж явав. Ард олон ч бас, хааныг даган, ятга, бүрээ, лимбэ, цан, ятгалиг хөгжим тоглон магтаалын дуунд дуурсгаж, Давиид ч тэдэнтэй зэрэгцэн ятга тоглож явлаа. Тахилчид ард нь Бурханы авдрыг авч явав. Ийм их баяр хөөрөөр Эзэн Бурханд магтаалыг өргөн дуулалдах нь юутай гайхам сайхан үзэгдэл байсан гээч. Олон түмэн бөөнөөрөө энэхүү үйл явдлыг угтан тосож гарцгаажээ. Ятга тоглон Бурханыг магтаж яваа Давиидийг бүгд харж сонсож байлаа. Давиид ч энэ өдөр хичнээн их аз жаргалтай байв аа!
Хаалга үүд бүхий хана хэрмээр орой нь хүрээлэгдсэн Цион уулнаа авдрыг авчирлаа. Ёслолын цуваа ойртон ирэхэд хааныг болон авдрыг оруулахаар хэрмийн гол гол хаалгуудыг цэлийтэл нээжээ.
Хөшигөөр халхалсан авдрыг тавих байр бэлдэхийг Давиид урьдчилан тушаасан байв. Нэгэн цагт Давиидийн зохиосон “Эзэнийг магтацгаа!” хэмээх ёслолын магтууг дуучид дууллаа. Хаан тэр өдөр Цион уулан дээр Бурханд тахил өргөөд, исраэль түмнийг ерөөжээ.
Бурханы авдар одоо ингээд ордных нь ойр зэргэлдээ байх болсонд Давиид тун ч ихээр баярлаж байлаа. Дуучид өдөр болгон авдрын өмнө ирж хөгжим тоглон, ёслолын магтуу дуулдаг боллоо. Давиид хаан ордондоо байнга тогтох нь үгүй, пэлээшэтчүүдтэй юмуу Исраэлийн бусад дайснуудтай байлдахаар дандаа явдаг байв. Гэвч, Бурхан түүнд болон түүний хүмүүст ялалтыг ямагт өгөх тул Цион уулнаа эргэж ирээд, ялалт соёрхсоны учир Бурханд алдар магтаалыг өргөдөг байлаа.
Ярилцах асуултууд
2 асуултДавиидийн хаан өргөө ямар хотод байсан бэ?
Гэрээний авдар эргэн ирсэнд Давиид баяр талархалаа хэрхэн илэрхийлж байв?