Агуй

Агуй

Библи, 1 Шэмүэль номын 24 дүгээр бүлэг

Одоо Давиид найдвартай нуугдах газрыг байнга эрэх хэрэгтэй болов. Түүнийг хаана ч байсан олж мэдээд, энэ сураг чимээ шуурхай тархаж байж. Гэвч, яваандаа олон олон дайчид Давиидтай нийлэн хүрээлж байлаа.

Нэг удаа тэднийг, дүрвэж нуугдсан уулынхаа том агуйн аманд сууж байтал бөөн цэрэг айсуй үзэгдэв.

– Энэ чинь Шаул байна. Намайг хороохоор хайж ирэх нь тэр. Нуугдацгаа! хэмээн Давиидийг хэлэхэд дайчид нь агуйд бушуухан нуугдав. Жаахан байзнатал, үүдэнд үлдсэн харуул тэдний хойноос ирж

– Хаан өөрөө наашаа ирж явна хэмээн догдлонгуй дуугараад

– Энэ л таны боломж, Давиид! Одоо түүнийг нухаж орхи. Ганцаараа юм чинь тэр яаж ч чадахгүй. Тэгвэл гурван мянган цэрэг мэдэлд чинь орлоо шүү дээ гэв.

– Чимээгүй! хэмээн түүний үгийг Давиид таслахад бүгд дуугүй болов. Харанхуйд тэд, агуйн амыг байдгаараа ширтэж байлаа. За тэгтэл, хаан өмсгөлтэй Шаул гараад ирэх нь тэр.

– Эндээ байж бай! хэмээн Давиид шивнээд болгоомжтойгоор урагш гэтлээ.

Яг энэ үед Шаул нэг хадны овгорт далдлагдаад харагдахгүй болов. Давиид ч нөгөө хадны овгорыг таширлан мөлхөж хүрэхэд Шаулын хормой харагдав. Давиид тэрхүү хормойноос нь хурц илдээрээ тасалж аваад сэмээрхэн буцаж ирлээ.

– Та яагаад Шаулыг алсангүй вэ? хэмээн дайчид нь шивэгнэв.

– Бурхан түүнийг хаан болгож тосолсон. Тиймээс, Бурханы сонгосон хүнийг би хөнөөхгүй гэж Давиид хариу хэллээ.

– Гэхдээ, Бурхан аль эрт түүнээс татгалзаад таныг сонгосон шүү дээ! гэвэл

– Тийм ээ, чухам тийм учраас, хэдий болтол ч бай хаан сэнтийд суулгахаа Бурхан Өөрөө мэдэг. Би ийм хэрэгт хуруу дүрмээргүй байна хэмээв.

Бүгд л агуйн ам руу харсаар. Хаан агуйгаас гарлаа.

– Эндээ үлдэцгээ! гэж Давиид захираад түүний араас явав.

Харанхуй агуйгаас, нүд гялбам хурц гэрэлд гарч ирээд харвал, Шаул хэдийнээ бууж цэргүүд дээрээ очсон байв.

– Эзэн хаантан минь ээ! хэмээн Давиид хашхираад, хааных нь хувьд Шаулыг хүндэтгэн газар бөхийн мөргөж

– Намайг өөрт тань муу юм хийхээр сэдэж байна гэж та юунд бодно вэ? Яг сая таныг хороочих боломж байлаа шүү дээ гээд Давиид хормойноос нь огтолж авсан өөдсийг толгой дээрээ өргөж харуулав.

Шаул өмсгөлөө тэвдэнгүй харвал нээрээ, дээлийнх нь хормойноос таслаад авчихсан байлаа. Шаул уйлан байж

– Чи үнэхээр надаас шударга юм байна! хэмээн чичирхийлсэн хоолойгоор хашхираад

– Энэ үйлдлээрээ чи, надад сайныг хүсэж, би чамайг муугаар бодож байгааг харууллаа, Чамайг хаан болно гэдгийг би яг мэдэж авлаа. Чи, гэр бүлийг минь хөнөөхгүй гэдгээ надад тангарагла! гэв.

– Үүнийг би тангараглая! хэмээн Давиид хариу хашхирав.

Давиидийн сайхан сэтгэлд өөрийн эрхгүй автсан Шаул цэргүүдээ дуудан, мөрдлөгөө зогсоохыг тушаав. Баг цэрэг буцах замдаа жигдрэн ороход Давиид хойноос нь удтал ширтэн зогслоо.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Давиид хаана нуугдсан бэ?

  2. Давиид ямар маягаар Шаулд хандав?

  3. Тэр яагаад Шаулыг хөнөөсөнгүй вэ?

36. Агуй00:00 / 03:47