
Давиид Шаул хоёр
Библи, 1 Шэмүэль номын 19:1-110
Давиид эл ялалтын дараа хааны дэргэд үлдэв. Тэрбээр түүнтэй нэг ширээнд хооллон, Шаул түүнтэй ярилцаж, бүр заримдаа түүнээс зөвлөгөө хүсдэг байлаа. Цаг эргэх явцад Давиид зэр зэвсэг хэрэглэж сураад овсгоотой сайн дайчин болжээ. Залуу эрийн хийж үйлдсэн бүхэн Шаул болон түүний ордныхонд таашаагдсаар, бүр сүүлдээ хааны цэргийн дарга болсон байна.
Гэхдээ, үүнээс ч илүүтэй, хамгийн сайн найз нь болсон, Шаулын хүү Иэхонатаан тэр хоёрын харьцаа бүр ч чухал байв.
– Миний өмсгөл, илд, нумыг ав. Бидний андлалын тэмдэг болог хэмээн, Голиатыг ялсны нь дараахан Иэхонатаан түүнд хэлсэн өдрөөс тэр хоёр салж хагацашгүй дотно сайн найз нөхөд болж, энэ нөхөрлөлөө хэн хэн нь нэн эрхэмлэдэг болжээ.
Ард түмэн ч Давиидийг хайрлах боллоо. Эр эмгүй бүгдээр, үр хүүхэд цөмөөр гудам талбайд түүнийг Шаулаас дээгүүр өргөмжлөн магтах болсон нь Шаулын уур унтуу, атаа жөтөөг хүргэх боллоо.
Нэг удаа Шаул нэг ширээнээ Давиидтай сууж байснаа гэв гэнэт уур хилэнд автав. Давиид ятгалиг хөгжимөө бушуухан шүүрч аваад Шаулыг тайтгаруулах хэмээн тоглож гарав. Гэтэл энэ нь нэмэр болсонгүй. Чухамдаа, Давиид л Шаулын уур хилэнгийн уг шалтгаан байсан болохоор, өөдөөс нь харан, ятгалигаа бариад сууж байгаа залуу хөвүүнийг үзээд тэрбээр биеэ барьж дийлсэнгүй. Хананд өлгөөтэй жадаа хаан шүүрч аваад, хар тэнхээгээрээ Давиид руу шидлээ. Давиид сэрэмжилж байсан тул бултан зайлахад жад түүний дээгүүр нисэн өнгөрч, ширхийх дуу гарган хананд зоогдов. Үүнд Шаул бүр ч хилэгнэн, өөр нэг жад шүүрэн шидсэнд, цаадах нь цахилгаан адил гялсхийн зайлаагүй бол Давиидийг гарцаагүй сүлбэх байлаа.
– Давиидийг дахиж хармааргүй байна! Энд л биш бол хаа ч яахав, пэлээшэтүүдтэйгээ л байлдаж яваг хэмээн хаан хашхирав.
Эзэн нь Давиидтай хамт байгааг Шаул мэдсэн тул түүнээс айж байлаа. Тэгээд, Давиидийг өөрөөсөө зайлуулав. Харин, Голиаттай тулахынх нь өмнө хэлж байсан амандаа тэр хүрч, Шаулын охин Михаал нь Давиидийн эхнэр болсон юм. Гэлээ ч, Шаул түүнийг явуулахаар барахгүй хөнөөх гэж байгааг Иэхонатаан дуулгасан болохоор Давиид тэртэй тэргүй зугтах хэрэгтэй байлаа.
Ярилцах асуултууд
3 асуултШаул Давиид нарын хувьд Иэхонатаан хэн байсан бэ?
Шаул яагаад Давиидийг үзэн ядах болов?
Шаул Давиидийг яахаар шийдсэн бэ?