
Иардээнийг гаталсан нь
Библи, Иэхошүа номын 3, 4 дүгээр бүлэг
Нүүний хүү Иэхошүа, Исраэлийн ард түмэнтэй хамт өглөө эртлэн Иардээн тийш хөдөлжээ. Голын эрэгт ирээд хуаран хүрээнийхэн гатлах бэлтгэлдээ орлоо. Эзэн гайхамшгийг үйлдэх гэж байгаа тул тэд ариусах ёстой гэдгийг Иэхошүа ард олонд дуулгав.
Дараа өдөр нь Эзэн, Иэхошүад
– Өнөөдөр Би, Мөшээд тусалсан шигээ, бас чамд туслахаа энэ ард түмэнд харуулна. Иардээний усанд хөл тавимагцаа, гэрээний авдартайгаа тэр дороо зогсохыг тахилчдад хэл гэлээ.
Ингээд, Иэхошүа гэрээний авдрыг авч ард олны өмнө явахыг тахилчдад тушаан, ард олонд
– Энэ өдөр Эзэний гайхамшгийг та нар харж, амьд Бурхан дунд чинь байгааг мэдэх болно! Гэрээний авдар та нарын түрүүнд Иардээнийг гатлан гарах болно. Овог бүр нэг нэг хүнийг гарга. Тэд тусгай тушаал авна...! Гэрээний авдар авч яваа тахилчид Иардээний усанд гишгэмэгц ус хоёр хуваагдаж нэг тал нь хана болон бөөгнөрч тогтоод, нөгөө тал нь урсаж одно гэлээ.
Гэрээний авдар тээсэн тахилчид гол руу ороход урсгалын дээд талын ус шууд зогсов. Тэдний зогсож буй газраас нэлээд зайтай, урсгалын дээд талд усан хана босоод нөгөө талын ус доош урсаж одов. Ингэснээр өргөн зам гарч, тахилчид авдрыг голын тэхий дунд хүргээд зогсов. Исраэльчууд авдрын хажуу, хуурай газраар Иардээнийг гатлан нөгөө эрэгт гарлаа.
Эзэний тушаасан ёсоор, Исраэлийн овог бүрийг төлөөлсөн мөнөөх арван хоёр эрс, авдар тээсэн тахилчдын зогсож буй голын ёроолоос нэг нэг чулуу авчран, ард олны хоноглохоор буусан газарт тавихад Нүүний Иэхошүа харин, гэрээний авдартай тахилчдын зогсож буй газарт өөр арван хоёр чулууг авчирч дурсгалын овоо босгов.
Ард олон бүгдээр Иардээний нөгөө эрэгт гарахад Эзэний авдар бүхий тахилчид мөрөөр нь гарч ирмэгц голын ус голдиролдоо орж, өмнөхөөрөө эргээ тулан эргэж урслаа. Эзэний энэхүү гайхамшигт эзэмдүүлсэн ард түмэн Иэрихогийн зүүнтээх Гилгаалд байрагнан, мөнөөх арван хоёр эрийн авчирсан чулуунуудыг Иэхошүа тэнд бөөгнүүлээд, ард түмэнд
– Үр хүүхэд чинь эцгүүдээсээ “Энэ чулуунууд ямар учиртай юм бэ?” гэж асуухад “Иардээний ус энд Эзэний авдрын өмнө хуваагдсан юм” гэж тэдэнд хэлээрэй. Эдгээр чулуу бол Эзэний мутар хүчтэй гэдгийг ард түмэн бүгдэд, бас Эзэн Бурханаасаа насан турш эмээж явахыг та нарт мэдүүлсэн, Исраэлийн мөнхийн хөшөө дурсгал мөн! хэмээжхүй.
Ярилцах асуултууд
3 асуултГэрээний авдартайгаар, ард олны өмнө хэн явах ёстой байсан бэ?
Иардээний ус яасан билээ?
Иардээний эрэгт ямар хөшөө босгосон бөгөөд энэ нь юуг илэрхийлдэг вэ?