Иэрихог эзэлсэн нь

Иэрихог эзэлсэн нь

Библи, Иэхошүа номын 5, 6 дугаар бүлэг

Исраэльчуудаас айж түгшихийн эрхэнд Иэрихогийн иргэд хотынхоо хаалгыг хааж бэхлээд хэн ч орж гарахыг болив.

Эзэн ингээд Нүүний Иэхошүад

– Би Иэрихог хаантай, цэрэгтэй нь чиний гарт өгнө. Чиний цэргүүд зургаан өдөр дараалан хотыг нэг удаа тойрог. Долоон тахилч долоон бүрээтэйгээр Эзэний гэрээний авдрын өмнө яваг. Харин долоо дахь өдөр нь хотыг долоон удаа тойроод тахилчид бүрээ үлээнэ. Энэ бүхий л хугацаанд та нар нэг ч үг дуугарах ёсгүй бөгөөд гагцхүү чиний тусгай командаар ард олон бүгд чанга уухайлан хашхирахад хотын хана хэрэм уг сууриа хүртэл нурж унах болно. Тэр үед цэргүүд өөр өөрийн байгаа талаас хотыг дайлаар орох ёстой хэмээв.

Бурханы бүх тушаалыг Нүүний Иэхошүа тахилчид хийгээд цэргүүдэд уламжлав. Басхүү, алт, мөнгө, хүрэл, төмөр эдлэл бүр Эзэнд зориулсан бөгөөд Иэрихо хотоос юу ч авч болохгүйг чандлан хорьж, үүний төлөө үхлийн ял ноогдоно гэдгийг сануулав.

Исраэлийн ард түмэн, Эзэний хэлсэн бүгдийг ёсчлон гүйцэтгэхээр, цэргүүд нь урагшлан, тэдний өмнө бүрээ бүхий долоон тахилч, түүний араас гэрээний авдартай тахилчид, сүүлд нь Исраэльчууд бүрээ үлээн явав. Түүнийг тушаахаас нааш хэн ч дуугарч болохгүйг Иэхошүа бүгдэд урьдчилан сануулжээ.

Уул явдалд оролцогсод зургаан өдөр дараалан, өдөрт нэг удаа хотыг тойрч алхав. Долоо дахь өдөр нь тэд өглөө эртлэн босоод бас л чимээгүйгээр хотыг тойроход тахилчид л бүрээ үлээж явлаа. Долоо дахь тойргийн үед тахилчид бүрээгээ үлээсээр Иэхошүа

– Уухай хашхираад! хэмээн тушаахад цэргүүд бүгд чангаар уухайлан хашхирцгаав. Энэ агшинд хэрэм доргин чичирч, том том чулуу сугаран, удалгүй бат бөх хана нижигнэн нурж уналаа. Зөвхөн, Рахаавын гэр болох тэрхэн бага хэсэг л нуралгүй үлджээ.

Исраэлийн цэргүүд хотод харайлдан ороод удаж төдөлгүй эзлэн авлаа. Амласан ёсоороо Рахаавыг гэрийнхэнтэй нь авч гарахыг мөнөөх туршуулуудад Нүүний Иэхошүа тушаав. Залуус ч Рахаавыг олоод Гилгаалд буй Исраэльчуудын хүрээ отогт авчирчээ. Харин Иэрихо бүхэлдээ эвдэрч нурсан байна.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Исраэльчууд хэдэн өдөр дараалан Иэрихог тойрох ёстой байв?

  2. Тэдний өмнө хэн явсан бэ? Тэд хэдүүлээ байв?

  3. Яагаад Рахаав гэрийнхэнтэйгээ аврагдах болсон бэ?

29. Иэрихог эзэлсэн нь00:00 / 03:09