
Рахаав ба туршуулууд
Библи, Иэхошүа номын 1, 2 дугаар бүлэг
Мөшээг өөд болсны дараа, амлагдсан газрыг эзлэн авахад Исраэлийн ард түмнийг бэлдэх үүргийг Нүүний хүү Иэхошүад Бурхан даалгажээ. Хэрвээ, Өөрт нь захирагдаж, үгийг нь дагах аваас Иэхошүад туслахаа Эзэн амлаж
– Хаттай бөгөөд зоригтой бай. Чамайг хаа ч явсан Эзэн Бурхан чинь чамтай хамт байх болно! гэв.
Тэгээд, одоо тэд Иардээн голыг гатлах тул, гурав хоногийн хоол хүнс ард түмэндээ бэлдүүлэхийг Иэхошүад тушаалаа. Бурхан тэдэнд өгөхөөр амласан энэ газрыг, амласан газар хэмээн нэрлэсэн юм.
Иэхошүа болгоомжтой хандаж, тэр газрыг, ялангуяа Иэрихог шинжиж тандаж үзэхээр, хоёр туршуулыг илгээв. Тэр залуус нь хотод ороод, Рахаав гэдэг эмэгтэйнд хоноглохоор буусан бөгөөд тэдний гэр хотын хэрэмд байрлах ажээ. Иэрихогийн хаан үүнийг мэдээд тэр Исраэльчуудыг баривчлах зарлиг буулгав.
Гэвч, Рахаав нөгөөдүүлийг байрныхаа дээвэрт нуучихаад, хааны албат нарт
– Тийм ээ, манайд хэн ч юм улсууд ирсэн. Гэхдээ би мэдэхгүй. Бүрий болж байхад л яваад өгсөн. Хөөцгөө, та нар гүйцнэ дээ гэжээ.
Хааны элч нар Исраэльчуудын араас гарч, харин Рахаав адар дахь гийчид дээрээ очоод
– Эзэн энэ газрыг та нарт өгсөн гэдгийг би мэднэ. Энд амьдарч суугаа бүхэн та нараас айж байна. Та нарыг Эзэн, Мисиирээс гаргахдаа гайхамшгийг үйлдэж, Улаан тэнгисийн ус дундуураа хуваагдсан гэдгийг бид сонссон. Танай Эзэн, танай Бурхан бол тэнгэр, газрыг захирагч Бурхан гэдгийг мэдэх учраас бидэнд аймшигтай байдаг. Одоо би та нарт сайныг үйлдсэн хойно, намайг төрөл төрөгсөдтэй минь аврахаа та нар амла. Ийн үйлдэх болно гэсэн тэмдэг дохио өг гэжээ.
Рахаавыг гэрийнхэнтэйгээ аврагдах болно гэж туршуулууд амласанд тэрээр нөгөөдүүлийг цонхоороо олсоор буухад туслав. Исраэль залуус салж одохдоо Рахаавд тэднийг гаргаж явуулсан энэхүү цонхондоо улаан даавуу уяж, энд байгаа, түүний гэр бүл бүгдээрээ аврагдах дохио тэмдэг болгохыг захив. Ингээд залуус явж, гэртээ эсэн мэнд хариад, болсон бүхнийг Иэхошүад ярьж
– Эзэн, энэ газрыг бүхэлд нь бидэнд өгсөн болохоор, оршин суугчид нь бүгд айснаасаа болоод дагжин чичирч байна хэмээн яриагаа төгсгөжээ.
Ярилцах асуултууд
3 асуултИэхошүад Эзэн юу амлав?
Кэнаан газарт орохоосоо өмнө Иэхошүа юу хийсэн бэ?
Туршуулууд хэрхэн аврагдав?