Хүрэл могой

Хүрэл могой

Библи, Тооллого номын 21:4-9

Исраэль цөл дундуур их л урт хугацаанд хэрэн аялжээ. Зарим үед тэд Кэнаан нутагт бүр ойртож ирдэг ч, үүл өөр тийш хөтөлж, дахиад л цөлдөө очдог байж. Ийнхүү амласан газарт орж чадаагүйдээ тэд урам хугарч хэцүүднэ. Хэрэв, еврэйчүүд гомдоллож гонгинодоггүй байсан бол Эзэн тэднийг аль хэдийнээ Кэнаанд оруулчих байсан боловч шийтгэл болгож тийш нь оруулалгүй байсаар байлаа.

Нэг удаа тэд дахиад л Бурхан Мөшээ хоёрт тэрслэн босож

– Юунд та нар биднийг Мисиирээс гаргаж ирсэн юм? Бид энэ цөлд чинь турж үхэх нь. Энд чинь хоол хүнс, ус унд ч алга, энэ маанаас чинь бүр залхаж гүйцлээ хэмээлдсэнд Бурхан тэдэн дээр шийтгэл болгож хорт могой явуулав. Энэ могойд хазуулж хатгуулан олон хүн үхжээ.

Исраэль түмэн гэмшиж улайн, Мөшээд

– Бид Эзэн та хоёрын эсрэг гэм нүгэл хийжээ. Бурхан энэ могойн аюулаас гэтэлгэж өгөхийг гуйж залбираач гэжээ. Мөшээ ч залбирч, Бурхан ч энэ залбирлыг сонсож

– Хүрэл авчирч могойн дүрс хий. Түүнийгээ шон дээр өлгөөд, могойд хазуулсан болгонд түүнийг харуулбал тэд амьд үлдэнэ гэлээ. Могойд хазуулж өвчилсөн хүмүүс, хүрээ отгийн аль ч хэсгээс энэхүү хүрэл могойг хараад эдгэрч байлаа. Ийнхүү хордлогоос ангижрахад, эрүүл мэнд, эрч хүч нь ч тэдэнд эргэн сэргэж байв. Бурханд итгэсэн Исраэльчууд хэвтрээсээ босоод Бурханыг алдаршуулан магтаж байлаа. Харамсалтай нь, эдгэрэхийн тулд хүрэл могойг харахад л хангалтай байсан ч хүн бүр итгэсэнгүй. Тэд үүнд итгэж, түүнийг хараагүй тул үхэж үрэгдэв. Энэ хүрэл могой биш, харин Бурхан л амь амьдралыг өгч байсан юм! Хүмүүс зөвхөн Түүнд итгэж, авралынх нь арга замыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байв.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Юуны учир Исраэльчууд цөлд ийнхүү удаан байх болов?

  2. Бурхан юуг шийтгэл болгож илгээсэн бэ?

  3. Могойд хазуулсан хүмүүсийг эдгээхийн тулд юу хийхийг Мөшээд Бурхан даалгасан бэ?

26. Хүрэл могой00:00 / 02:42