Хаднаас гарсан ус

Хаднаас гарсан ус

Библи, Тооллого номын 20:1-13, 22-29

Исраэльчууд цөлд их л удаан амьдарч, газар газар сэлгэн нүүсээр нэг удаа тэд усгүй газар ирчихжээ. Тэд яасан гэж бодно? Бурханд хандаж залбирсан болов уу, эсвэл гомдоллож гоншигноо болов уу? Харамсалтай нь тэд, нөгөө л сорилт тулгарахад загнадгаараа Мөшээ Ахароон нарт бухимдаж гомдоллон

– Ө өө, бид аль эртний л үхчих минь яав даа? Юунд та нар биднийг Мисиирээс авчирсан юм. Цөлд үхүүлэх гээ юү? Энд чинь инжир, үзэм ч алга, одоо бүр ус ч үгүй боллоо! гээд л гонгинолдож гарав. Бурханд итгэлгүй байснаараа л тэд өөрсдөө цөлд үлдчихсэнээ ч мартжээ.

Мөшээ Ахароон нар энэхүү гомдоллолыг сонсоод сэтгэл ихэд гутарчээ. Тэр хоёр, ард олноос холдож, Асарын үүдэнд түрүүлгээ унаад залбирч эхлэхэд Бурхан удалгүй тэдэнтэй ярин, Мөшээд

– Таягаа ав, ард олныг цуглуул. Хаданд очоод түүнийг ус өг гэхэд ус хаднаас урсана гэлээ.

Гэвч, Мөшээ Ахароон нар ард олонд их уурлаж байсан тул

– Дуулгаваргүйчүүл ээ, сонсож бай. Би та нарт энэ хаднаас ус гаргаж өгөх болж байна уу? гээд хадыг таягаараа хоёронтаа цохисонд ус урсан гараад ард олон ууж бас малаа услав.

Мөшээ Ахароон нар зөв юм хийв үү гэвэл Мөшээ хэд хэдэн алдаа гаргажээ. Тэр хадыг цохих биш зүгээр түүнтэй ярих ёстой байлаа! Түүнээс гадна, Мөшээ Ахароон нар ч бас хаднаас ус гарна гэдэгт эргэлзэж байсан шиг харагдана. Гэлээ ч, Эзэн ард түмэндээ энэрэл өршөөлөө үзүүлэн тэдэнд ус өгчээ.

Харин Мөшээ Ахароон нарыг Тэрбээр шийтгэн

– Ингэснийхээ төлөө та нар Кэнаан газарт орохгүй гэв. Энэ бол тэдний хувьд хүнд ял болжээ. Аврахаам тахилын ширээ босгон Бурханд мөргөсөн, тэрхүү Кэнаан газрыг Мөшээ ямагт хүсэмжлэн мөрөөдөж явсан билээ. Гэтэл, энэ нэгэн үйл явдлаас болоод түүний хүсэл мөрөөдөл биелэх аргагүй боллоо. Мөшээ бол энэ дэлхий дээрх хамгийн номхон даруу хүн байжээ. Исраэльчууд түүнд таагүй хандаж зэмлэл шүүмжээр булж байхад ч тэрээр эрс ширүүн хариу барьж байсангүй ээ. Энэ удаа л тэр харин биеэ барьж чадсангүй.

Ярилцах асуултууд

4 асуулт
  1. Усгүй болсон олон түмэн энэ удаа яаж хэрхэн авирласан бэ?

  2. Ямар байдлаар хаднаас ус гаргаж авахыг Бурхан Мөшээд тушаасан бэ?

  3. Үүний оронд Мөшээ яасан бэ?

  4. Мөшээ Ахароон нарыг Бурхан хэрхэн шийтгэв?

25. Хаднаас гарсан ус00:00 / 03:09