
Алтан тугал
Библи, Гэтлэл номын 32, 33 дугаар бүлэг
Мөшээ Синай уулнаа Бурхантай хөөрөлдсөөр олон хоногийг өнгөрөөв. Ард олон түүнийг тэсэн ядан хүлээж цөхөөд бүр тэвчээрээ барахдаа, бусад үндэстнүүдэд байдаг шиг тийм бурхан шүтээнтэй болж, хүсэл хэрэгцээгээ түүнд хэлж байхыг хүсэмжлэв. Хүмүүс Ахарооныг удтал шаналгасанд тэрээр эцэст нь буулт хийжээ.
– Болж байна! гэж тэр дуугараад
– Би та нарт бурхан хийж өгье! гэв.
Ард түмний ятгалгад автан, Бурханы зарлигийг зөрчиж байгаагаа мэдэж байсан ч олны өөдөөс үг хэлэх зориг дутжээ. Хүмүүсийн өргөсөн алтыг Ахароон цуглуулж хайлуулаад, нэгэн тугал цутгав. Мөнөөх дүрсээ ард олны өмнө босгож тавьсанд хүмүүс
- Энэ чинь л бидний бурхан байна! гэлцээд бөөн баяр болж байлаа.
Мөшээ Синай уулнаас бууж явахдаа, хөөрцөглөн цэнгэлдэх хүмүүсийн дуу дуулианыг сонсож байлаа. Юу болсныг тэр харангуутаа л ойлгов.
– Ө өө, нүгэлтнүүд! Бурхангүй бузрууд аа! гэж тэр хилэгнэн хашхирахад уур цухал, гунил гутралын гашуун нулимс нүдийг нь бүрхлээ.
Исраэлийн хөвгүүд ялзарч доройтон, амьд Бурханаа орхиод, цутгамал тугалд мөргөхдөө тулжээ! Ийм аймшигт нүглийг үзээд Мөшээгийн зүрхэнд уур хилэн бадарч, тэр чулуун хавтангуудыг байдгаараа далайгаад, хар тэнхээгээрээ хадан дээр шидэхэд, тас түсхийх дуун хадаасаар бут үсрэв.
Тэгээд Мөшээ өнөөх алтан тугалыг устгахыг тушаан
– Та нар ёстой дааж давшгүй нүгэл үйлдлээ гээд
– Гэвч би дахиад ууланд гарч, та нарыг өршөөхийг Бурханаас гуйя. Бурхан та нарт хүлцэл тэвчээрээ дахин үзүүлж юуны магад хэмээв. Ингээд Мөшээ дахин Синай ууланд гарч, ард түмнээ өршөөн хэлтрүүлэхийг
Бурханаас гуйв.
– Хэрэв Та ингэхгүйгээр тэднийг устгахыг хүсвэл оронд нь намайг устгаач гэвэл Бурхан
– Би зөвхөн нүгэл үйлдсэн хүнийг л шийтгэдэг, гэхдээ Би Исраэлийн ард түмнийг устгахгүй. Явж, Аврахаам, Иэцхаак, Иааков нарт миний заасан тэр газар нутгийг эзэгнэн суу. Харин Би Өөрөө та нартай явахгүй гэж Бурхан түүнд хариулав.
– Эзэн минь гэж Мөшээ залбираад
- Хэрэв Та явахгүй бол би энэ ард олныг тийш нь аваачихыг хүсэхгүй байна. Учир юун хэмээвээс Та л байхгүй бол бид сүйрэх нь тэр гэлээ.
– Мөшээ, Би чамайг хайрладаг гэж Бурхан хариу хэлээд
– Гуйлтыг чинь биелүүлнэ. Би ард олны гэм нүглийг уучлаад, амласан газар луу та нартай цуг явна гэжхүй.
Бурхан, үүнээс хожимхон, арван тушаал бичих чулуун самбар буюу хавтанг шинээр хийх тушаалыг Мөшээд өгчээ.
Ярилцах асуултууд
4 асуултИсраэльчууд бурхан шүтээн хийж өгөхийг хэнээс гуйсан бэ?
Ахароон ямар амьтны дүрс цутгасан бэ?
Эзэн хүмүүсийг яахаар шийдсэн бэ?
Мөшээ уулнаас буугаад юу хийсэн бэ?