Синай уул

Синай уул

Библи, Гэтлэл номын 19, 20, 24, 31:18

Үүлэн багана зогссон тэр нэгэн уулын бэлд Исраэльчууд майхнаа шаав. Бурхан ер бусын чухал зүйл илчлэх хэмээсний учир уул өөд гарахыг Мөшээд зарлиг болголоо. Ингээд Мөшээ ууланд гарсанд Бурхан түүнд

– Мисиирийн нутгаас гаргаад Би Исраэлийн ард түмэнд хичнээн өршөөнгүй хандаж ирснийг чи харж байгаа. Тэд миний тушаал зарлигийг дагамаар байна уу гэдгийг очиж асуу гэв.

Мөшээ уулнаас бууж очоод Исраэльчуудаас, Бурханы дуу хоолойг та нар сонсох уу? хэмээн асуусанд тэд

– Тэгнэ ээ, Эзэний айлдсан бүгдийг биелүүлнэ хэмээн хариулав.

Мөшээ дахин ууланд гарч очоод ард олны хариуг

– Исраэль тушаал заавар бүрийг тань биелүүлнэ гэлээ хэмээн Бурханд уламжлав.

Бурхан

– Мөшээ, чамаар дамжуулан би тэдэнтэй ярих болно. Бууж очоод,

“Миний хэлэх бүхэнд бэлэн бай” гэж хүмүүст хэл гэв. Мөшээ Исраэльчууд руу бууж ирээд

– Гурав хоногийн дараа та нар Бурханы дуу хоолойг сонсож, уулын орой дахь үүлэн дунд Түүнийг харах болно. Үүнд бэлдэж, Эзэний өмнө цэвэр цагаан хувцастай зогсохын тулд хувцас хунараа угаацгаа хэмээв.

Мөшээ бас хэн хүн санаандгүйгээр ууланд ойртож түүнд хүрээд үхчихгүйн тулд уулын эргэн тойрон тиг гортиг татахыг тушаав. Түүнчлэн, Эзэний суу алдар дүүрэх энэ ууланд мал хүртэл ойртож болохгүй гэлээ.

Гурав хоногийн дараа хүмүүс өглөө эрт аянгын сүрт дуун сонсоод айдас хүйдэст автан дагжин чичирч эхлэв. Мөшээ тэднийг майхнаасаа гарч Бурхан руу хараа хандуулахыг тушаав.

Аюумшигт дүр зураг тэдний өмнө тодорлоо. Бурханбээр уулын оргилд галаар буун ирсэн тул Синай уул бүхэлдээ утаанд умбаад, доргилон чичирч авай. Аянга нүргэлэн, цахилгаан гялбаж, уул утаагаар бургилан, олон бүгдээр айж түгшихийн эрхээр дагжин чичирч байлаа.

Эзэн Мөшээд

– Уулын оройд, Над дээр ир гэсэнд Мөшээ дуулгавартай дагаж, олны нүдэн дээр уул өгсөв.

Бурхан түүнд

– Би бол чамайг Мисиирийн газар, боолын оромжоос гаргасан Бурхан Эзэн чинь. Чи өөр ямар нэгэн бурхантайгаар нүдэнд минь бүү үзэгд. Ямар нэгэн хөрөг шүтээн өөртөө хийж түүнд мөргөж шүтэж үл болно. ЭЗЭН Бурханыхаа нэрийг дэмий хоосон бүү дууд. Амралтын өдрийг ариусган сахь. Зургаан өдөр ажиллаж, бүх ажлаа амжуул, долоо дахь өдөр нь Эзэн Бурханд чинь Амралтын өдөр. Газар дэлхий дээр урт наслахын тулд эцэг, эхээ хүндэл. Амь бүү егүүтгэ. Бүү завхайр. Бүү хулгайл. Ойр хөршөө бүү гүтгэ. Бусдын юманд бүү шуна хэмээвэй.

Бурханы хүчирхэг дуу хоолойг түгшин сонсох олон түмэн Түүний ярьж дууссанд баярлав. Мөшээг уулнаас буухад Исраэльчууд түүнд дөхөж ирээд

– Бурханыг бидэнтэй дахиж ярихгүй байхыг гуйгаач. Аймшигтай юм байна. Бурхан, тантай ярьж, харин Мөшээ та бидэнтэй ярьж байгаарай гэлцэв.

Дараа нь Мөшээ уулын орой дээр, аянгын үүлнээ далд ороод ард түмний хүсэлтийг Бурханд

– Тэд таны дуу хоолойг дахин сонсохоос айж байна хэмээн дамжуулав.

Бурхан

– Тэд Надаас эмээж байгаа нь сайн хэрэг. Би чамтай ярьж, чи тэдэнд Миний үгийг уламжилж бай гээд Өөртэй нь цуг уулан дээр үлдэхийг

Мөшээд тушаав.

Мөшээ тэнд юу ч идэж уулгүй дөчин хоног байж, Эзэн түүний амийг хамгаалан сахиад, үүлэн дундаас түүнтэй ярьдаг байв.

Бурхан Өөрт нь зориулан, хурааж зөөж болох ариун майхан хийхийг Исраэльчуудад тушаасан гэж Библид бичсэн байдаг. Энэ майхныг Асар гэдэг. Мөн Арван тушаал бичсэн ариун хавтан буюу чулуун самбаруудыг хадгалах хайрцгийг хуайс модоор хийж, дотор гадаргүй алтаар бүрэх ёстой байв.

Энэ хайрцгийг Гэрээний авдар гэж нэрлэнэ. Эцэст нь Бурхан Өөрөө Арван тушаалыг дээр нь бичсэн хоёр хавтанг Мөшээд гардуулан өглөө.

Ярилцах асуултууд

5 асуулт
  1. Бурхан хэнтэй ярих гэж уулын орой дээр дуудсан бэ?

  2. Яагаад уулын эргэн тойрон тиг гортиг татсан бэ?

  3. Ард олон яагаад Бурханы дуу хоолойг шууд сонсож байхыг эс хүсэв?

  4. Мөшээ уулын оройд хэр удсан бэ?

  5. Мөшээтэй ярьж дуусаад Бурхан түүнд юу өгсөн бэ?

22. Синай уул00:00 / 05:12