
Иосээф боолчлогдсон нь
Библи, Эхлэл номын 37:13-36
Иааков нэг удаа, хонио хариулж яваа ах нар луу нь Иосээфийг явуулахдаа
- Яваад, ах нар чинь сайн, сүрэг мэнд байна уу гэдгийг мэдээд ир гэсэнд, эцгийнхээ даалгасныг ямагт баяртай хийдэг Иосээф зарц дагуул, илжиг унаа ч гэлгүй, гоё дээлээ өмсөөд, эцэгтэйгээ салах ёс хийгээд тэр дороо л гарч өгөв.
Иосээф ах нараа зөндөө хайгаад, сүүлд нь нэг хүнтэй тааралдаж асуувал ах нарынх нь мал сүрэгтэйгээ байгаа газрыг хэлж өгчээ. Иосээфийн айсуй явааг үзээд ах нар нь
- За, нөгөө зүүдлээч чинь ирлээ. Түүнийг алж нэг нүхэнд шидчихээд, махчин амьтан тастчихаж гэж эцэгт хэлье. Тэгээд зүүд нь яаж биелэхийг үзье л дээ гэлцэв.
Иосээфийг дөхөж ирэхэд ууган хүү Рэүвэн
- Түүнийг алаад хэрэггүй ээ. Цус урсгахаа больё. Зүгээр л энэ хээр байгаа нүхэнд хаячихъя хэмээсэн нь дараа үүнийг нүхнээс гаргаж эцэгтээ буцаая гэж бодсоных ажээ.
Ах нар нь Иосээфийг хөнөөхгүй гэж тохиролцоод, түүнийг ирэнгүүт эрээн дээлийг нь хуу татахад тэдний яах гэж байгааг Иосээф ойлгожээ. Тэрээр гашуудан уйлж, өөрийг нь өршөөн эцэгтээ буцаахыг гуйж гувшсан боловч нөгөөдүүл нь дэндүү хатуу сэтгэлтэй, муу санаатай тул, Иосээфийг гүнзгий нүхэнд хаялаа.
Өлдөж ядарсан Иосээф цангаа тайлах ганц дусал ус ч үгүй хэвтээд, хайртай эцэгтээ хэзээ ч очиж чадахгүй болсондоо сэтгэл санаа тэвчиж тэсэхийн аргагүй хүнд болжээ.
Ах нар нь түүний уйлаан ухилааныг үл тоон идэж уухаар суулаа. Энэ үед нөгөөдүүл жингийн цуваа олж үзэв. Тэр бол Мисиир рүү гавар хүжлэг үнэт давирхай тэргүүтэн зөөж яваа худалдаачид ажээ. Ах нарынх нэг болох Иэхүдаа босон харайж
- Нэг санаа төрлөө! Энэ жин Мисиир орно. Иосээфийг боол болгоод зарчихъя! Тэгээд холдуулчихаар, түүнийг хороох хэрэг гарахгүй гэснээр жингийн цуваа дөтлөхөд ах нар нь худалдаачид дээр гүйж очив.
- Бид та нарт нэг боол худалдмаар байна. Энэ бол эрүүл чийрэг, хүч тэнхээтэй, арван долоотой сайхан залуу. Мисиирэд тэр их үнэ хүрч, та нар овоо ашиг олно доо гэв. Худалдаачид Иосээфийг харж, ах нар нь олсоор татаж нүхнээс гаргаад хорин мөнгөн зоосоор наймаа тохиров.
Хэсэг байзнаад ах нар нь эцэг Иааковтаа Иосээфийн эрээн өмсгөлийг ишигний цусанд хутгаж аваачаад, зэрлэг араатан түүнийг барьсан болгож ярив. Хайртай хүүгийнхээ хойноос Иааков олон хоног ухилан халаглаж, энэ уй гашуунаас нь түүнийг юу ч тайтгаруулж эс чадав.
Ярилцах асуултууд
3 асуултЯмаршуухан муухай юмыг Иосээфийн ах нар бодож олов?
Ах нараас нь хэн Иосээфийг аврах гэж бодсон бэ?
Ах нар нь Иосээфийг яасан бэ?