
Иосээфийн намтар
Библи, Эхлэл номын 37:1-12
Иааков арван хоёр хүүтэй боллоо. Хөвгүүд нь өсөж том болоод гагц отгон хүү Бэниамин л арай балчир байж. Түүнийг төрүүлэхдээ Иааковын эхнэр Рахээл эндсэн бөгөөд нөгөө нэг хүү Иосээф нь Бэниаминаас хоёр ах. Тэрбээр өсвөр насанд хүрсэн бөгөөд аавыгаа хайрлаж ямагт үгэнд нь ордог хүү байв.
Иааковын ахмад арван хөвүүн хонь ямаагаа маллана. Тэд заримдаа буруу зөрүү аашилж эцгийгээ эвгүйцүүлдэг байлаа. Иосээф тэдэнтэй байж, шударга бус юм хийвэл дургүйцэн эцэгтээ хэлчихдэг санж. Иосээфийн ийм хандлага ах нарынх нь дургүйг хүргэж, тэд түүнтэй найрсаг бус ширүүн харьцах нь элбэг. Иааков ч Иосээфийг л энхрийлэн ахмад хөвгүүддээ тийм таатай ханддаггүй нь тэдэнд атаа хорсол төрүүлдэг байж.
Иааков нэгтээ, Иосээфт хээнцэр ганган эрээн дээл хийлгэж өгсөн бөгөөд ийм дээл Иааковын хөвгүүдийн нэгэнд нь ч байсангүй. Энэ явдал ах нарынх нь атаархлыг бүр ч асаажээ.
Иосээф заримдаа ер бусын юм зүүдэлдэг аж. Нэг удаа тэрээр ах нартайгаа талбайд тариа юүжилж байтал ах нарынх нь боосон юүж түүний юүжинд ирээд мөргөж байна гэж зүүдэлж. Иосээф тун ч гайхан энэ зүүдийг ах нартаа яривал тэд
- Бид чамд захирагдана гэж бодоогүй биз, чи? гэлцэн ихэд уурлаж бухимдав.
Удаагүй байтал Иосээф бас, нар, сар, арван хоёр од түүнд мөргөж байна гэж зүүдэлжээ. Энэ зүүд түүний гайхшийг бүр ч нэмсэн тул эцэгтээ, бас ах нартаа ярьчихжээ. Гэтэл эцэг нь ч түүнийг зэмлэж
- Нар нь би, сар нь ээж чинь, арван нэгэн од бол ах нар чинь болж таараад, бас чамд ирж газарт бөхийн мөргөнө гэж бодоогүй биз хэмээсэн ч Иааков энэ зүүдийг санаандаа авчээ. Ах нар нь Иосээфт улам дургүйцэн атаархаж
- Иосээф бүр бардамнаж, өөрийгөө дэндүү өндөрт боджээ. Зай гайгүй ээ, чамд бид үзүүлээд өгөмц хэмээн занав.
Ярилцах асуултууд
3 асуултИааков хэдэн хүүтэй байв?
Иааков, Иосээфийг дэндүү энхрийлсэн нь зөв хандлага уу?
Иосээфийн зүүд яагаад ах нарыг нь уурлуулсан бэ?