
Мисиирэд
Библи, Эхлэл номын 39, 40, 41 дүгээр бүлэг
Худалдаачид Иосээфийг Мисиирэд авчраад Фараоны ордны түшмэл, шадар цэргийн захирагч Потифаарт зарж орхив. Иосээф Мисиир хэлийг түргэн сурсан бөгөөд ямар ч ажил үйлд овсгоотой байсан болохоор тун удалгүй Потифаарын гэрт хамаг зарц нарынх нь харгалзан ахлаач болов. Энэ харь газарт ч Бурхан түүнийг орхилгүй тусалсаар байгаад Иосээф баярлаж байлаа.
Потифаар бол сайн эзэн бөгөөд олиггүй муу эхнэрээсээ ондоо хүн байв. Нэг удаа, Потифаарын эзгүйд нөгөө эхнэр, хийгээгүй хэргийнх нь төлөө гүтгэснээр Иосээфийг шоронд хориулсанд Бурхан тэнд ч бас түүнийг орхисонгүй. Шоронгийн дарга бас Иосээф найдвартай хүн гэж үзээд хоригдлуудыг харгалзуулах болсон байна. Тэнд хоригдоод байсан, хааны ахлах сөнч, нарийн боовчин хоёрыг нэг шөнө зүүдэлсэн зүүд нь их л сандаргажээ.
- Та нарын зүүд ямар учиртайг Бурхан хэлж өгвөөс би тус болж мэдэх л юм. Юу зүүдлээ вэ? гээд сөнч, боовчин хоёрын зүүдийг сонсож, удаан бодоо ч үгүй байтал учрыг нь Бурхан тайлж өгчээ.
Хэсэг хугацааны дараа, энэ шоронгоос алс, өөр нэгэн ордонд, тансаг сайхан орон дээр нэгэн хүн бас нэг хачин зүүд зүүдэлсэн нь Мисиирийн хаан Фараон бөгөөд түүний зүүдэнд, долоон үнээ Ниил мөрнөөс гарч ирж байна гэнэ. Тарган цатгалан тэд долуул голын эргээр налайн идээшилж байв. Харин дараа нь Ниилээс гарч ирсэн долоон үнээ хавирга нь хэрзийсэн хачин туранхай юмнууд ажээ. Тэгтэл нөгөө муу туранхайнууд нь өмнөх тарган үнээдийг идчихсэн ч эс таргалав гэж зүүдлээд Фараон сэрчихжээ.
Гэвч, тэр дахин зүүрмэглээд зүүдэлсэнд, дүүрэн үрлэсэн том сайхан долоон түрүүтэй нэгэн сүрэл үзэгдэж. Гэтэл гэнэт, хатаж хорчийсон хоосон долоон түрүүтэй сүрэл гараад ирж. Хорчгор түрүүнүүд нь үр цутгасан түрүүнүүдээ идэж байгааг харахад ч аймаар байна гэнэ. Хүйтэн хөлс нь чийхарч, таахын эцэсгүй түгшил зовнилоор дүүрсэн хаан сэрж ирлээ. Эдгээр зүүд зөн совинтой гэж ухааравч, чухам юу байж таарах вэ?
Фараон үүнийг бодоод бодоод, зүүдэнд нийцэхүйц тайлал олж ядав. Тэгээд Мисиирийн хамаг мэргэн сэцэн улсыг ордондоо ирэхийг зарлигдав. Бүгдийг цуглахаар нь, фараон зүүдээ ярьсан боловч мэргэдээс ганц нь ч зүүдний учрыг тааж чадсангүй. Уур хилэн болсон фараон бүгдийг нь хөөж гаргав. Тэгтэл, Иосээфтэй шоронд хамт байсан мөнөөх ахлах сөнч өөрийнх нь зүүдийг хэн тайлсан болохыг эргэж санаад фараонд дуулгавал, Иосээфийг нэн даруй авчрах зарлиг буулгав.
- За тэгэхээр, чи чинь зүүд тайлдаг юм биз дээ? гэж фараон асуусанд Иосээф
- Үгүй ээ, би чаддаггүй, харин Бурхан надад ойлгуулдаг юм гэлээ.
Ингээд фараон зүүдэндээ үзсэн болгоныг ярьж өгөхөд
- Хоёр зүүд тань нэг л юмыг хэлжээ. Долоон тарган үнээ, долоон цатгалан түрүү бол Мисиирэд өнтэй сайхан долоон жил болно гэсэн үг. Харин туранхай долоон үнээ, хорчгор долоон түрүү бол дараа нь болох өлсгөлөн гамшгийн долоон жилийг зааж өгчээ. Өлсгөлөн гамшиг нь өмнөх долоон жилийн өег өгөөжийг ор мөргүй арилгахаар тийм айхтар ширүүн болно. Таны үзсэн энэ хоёр зүүд утга нэгэн агаад сая миний хэлснийг Бурхан эргэлзээгүйгээр хэрэгжүүлнэ гэдгийг гэрчилж байгаа юм гэлээ.
Фараон их анзааргатай ширтээд
- Харин улс орныг минь заналхийлсэн энэ зовлон гамшгийг зайлуулж болохгүй юү? гэсэнд Иосээф
- Болно оо! гэж хариу дуугараад
- Өлсгөлөн гамшиг зайлшгүй боловч, та бэлдэх хэрэгтэй. Үр тариа нөөцлөх ажил дээр мэргэн ухаалаг хүн олж тавихыг зөвлөе. Долоон жилийн турш тэрбээр ургацын илүүдлийг худалдан авч, тусгай агуулахад хийх хэрэгтэй. Ган гачиг болоход хоол хүнс хангалттай байх болно гэлээ.
Фараон энэ саналыг таашаан босож ирээд Иосээфт
- Бурхан энэ бүхнийг чамд илчилсэн бол, чам шиг ийм ухаалаг мэргэн хүн алга аа. Чиний үгийг ард түмэн даган сахих болно. Чамайг би бүхий л Мисиир нутаг орны захирагчаар тавилаа. Гагц хаан сэнтийгээрээ л би чиний дээр гээд засаглалыг Иосээфт хүлээлгэн өгсний тэмдэг болгож хуруун дахь бөгжөө сугалан Иосээфийн гарт зүүв. Түүнчлэн, тансаг сайхан хувцас өмсгөж, хүзүүнд нь алтан гинж зүүлээ. Фараон бас Иосээфт сүйх тэрэг бэлэглэн, тааралдсан бүхэн түүнд мэхийн мөргөх ёстой болгов.
Ийнхүү Иосээфийг фараон Мисиирийн захирагчаар тавьжээ. Улс орны удирдлагыг авсан Иосээф ихээхэн зүтгэх хэрэгтэй боллоо. Улс орон даяар том том агуулах барихыг тэр тушаалаа. Тэрээр найр наадамд татагдаж цаг алдалгүй, ард олны сайн сайхны төлөө л санаа тавьж байв.
Иосээф өөрийг нь ийм гайхамшигтай арга замаар шоронгоос сулласан Бурханд хязгааргүй талархаж байлаа. Тэрээр үнэт тансаг хувцас өмсөж, өндөр их эрх мэдэлтэй болсондоо бус, харин өргөн олны төлөө үлэмж сайныг гүйцэлдүүлж өлсгөлөн гамшигаас тэднийг аврах боломж олдсонд баярлаж байжээ.
Иосээф удалгүй гэрлэж, хоёр хүүтэй болов. Өтөлж өвгөрсөн эцгийгээ тэрээр ямагт санаж, хэзээ нэгэн цагт эргэж учрахын горь тасрахгүй л байв. Ах нарыгаа ч бас дурсаж, тэднийг бузар муу үйлдэлдээ гэмшсэн байгаасай гэх найдлага тээсээр явлаа. Иосээфийн зүрх сэтгэлд ах нарыгаа үзэн ядах явдал үгүй байв.
Бурхан ч түүнийг Мисиирэд боол болгон худалдахыг зөвшөөрсөн байж гэдгийг тэр ухаарчээ. Бурхан эцэстээ, зөвхөн Мисиирчүүдийг төдийгүй Иааковын гэр бүлийг ч өлсгөлөнгөөс аврах хэмээсэн ажгуу.
Ярилцах асуултууд
3 асуултАх нараас нь худалдаж авсан худалдаачид Иосээфийг хааш нь аваачсан бэ?
Иосээфийг тэд хэнд худалдав?
Бурхан Мисиирэд Иосээфийг хэрхэн дэмжиж туслав?