Ахан дүүс эргэн учрав

Ахан дүүс эргэн учрав

Библи, Эхлэл номын 32, 33, 35:1-7

Аврахаам болон үр удамд нь Бурханы амласан газар орон тул тийш зүглэхдээ Иааковынхон аян зам урт ч алжаан ядралгүй баясан хөөрч явлаа. Эсаав харин яаж угтах бол гэдэг л гагцхүү амар заяа үзүүлэхгүй байв. Нэгэн цагт өөрийг нь алахаар занаж байсан Эсаав одоо үр хүүхдийг нь хөнөөх вий гэхээс Иааков айж байлаа.

Эсаав дөрвөн зуун эрсийг цуглуулан тосож гарсан гэдгийг дуулаад түүний зүрх донсолж байв. Яадаг билээ? Хэрэв Эсаав муу юм сэдвэл Иааков өнгөрөх нь тэр. Энэ олон мал ахуй, эхнэр хүүхэдтэй тэр шуурхай хөдөлж зугтана гэдэг бүтэшгүй хэрэг. Хамгаалан тулах эр хүн даанч цөөхөн. Эхлээд Иааков мал сүргээ хоёр хувааж талыг нь түрүүлүүлэн илгээв. “Эсаав хэрвээ тэднийг нь дайрваас надад муу санасан хэвээрээ гэдгийг мэдээд ядаж үлдсэн хэсэгтэйгээ зугтаж болох юм” гэж хөвгүүддээ ойлгуулаад эхний хэсэгт өөрөө явлаа.

Орой болоход Иааков отог буудлаасаа жаахан зайдуу гараад

- Бурхан минь Таны өгсөн бүхий л ивээл өршөөл, энэрэл нигүүлслийг хүртэх зохисгүй нэгэн билээ, би. Одоо Танаас гуйя, намайг бас гэр бүлийг минь хамгаалаач, Эсаавд биднийг битгий хөнөөлгөөч, Та өмөг түшигээ бас энэ газрыг үр удамд минь амласан шүү дээ хэмээн залбирч гуйв.

Маргааш өглөө нь Иааков зарц нараа гучин тэмээтэйгээр ахдаа явуулав. Тэдний араас бас хоёр зуун хоньтойгоор дараагийн зарц нарыг явууллаа. Хэсэг байзнаад хонь, үхэр, илжгийг сүргээр нь цувуулан явуулав.

Энэ бүгдийг бэлэг болгож байгаа ажээ. “Эсаав хэрэв бэлгийг дараа дараалан хүлээж авбал, уулзаж учрахын цагт надад хилэгнэхгүй нь гэж мэдье” хэмээн Иааков сэтгэжээ.

Иааков ийнхүү бэлэг сэлт бүхий элч нарыг явуулсан ч Эсаав гарч ирээгүй л байлаа. Орой болж, унтахаар хажуулав. Шөнө дундын хэрд Иааков босоод, мал сүрэг, гэр бүлийнхнээ хөндийн ёроолоор урсдаг жижиг горхийг гатлуулан өөрөө нөгөө эрэгтээ үлджээ. Гэтэл гэнэт Нэг хүн гарч ирээд түүнтэй барилдаж гарах нь тэр. Энэ Нэгэн бол хүмүүн дүрд хувилсан, Бурханы Тэнгэрэлч байж. Тэд их л удаан ноцолдож, Иааков ч байдгаараа тэссээр ажээ. Түүнийг дийлэхгүйгээ мэдсэн Нөгөө хүн Иааковын гуяруу цохив. Иааков цааш барилдаж чадахгүйгээ мэдээд, өрсөлдөгчөө сайн гэгч зуурч авлаа. Өнөөх нь “Гэгээ орлоо, Намайг тавь” гэсэнд Иааков тавилгүй

- Эхлээд намайг ерөө гэхэд Нөгөө хүн

- Чамайг хэн гэдэг билээ?” гэж.

- Иааков гэсэнд

- Одооноос эхлээд чамайг Иааков биш, харин Исраэль гэдэг болно. Учир юун гэвэл чи Бурхантай барилдлаа, хүмүүсийг ч давж чадна гэжээ. Иааков түүнээс

- Надад нэрээ хэл гэсэн боловч Тэр хариу хэлсэнгүй тул Иааков өөрөө хүнтэй биш Бурхантай барилдсанаа мэдэв. Ингээд Бурхан түүнийг ерөөж, наран дорноос мандахын цагт нөгөө үл таних хүн үзэгдэхгүй болов. Иааков аажуухан босоод бяцхан горхины олмоор гатлах болов. Ташаа гуя нь өвдөөд тэрбээр хазганаж байв.

Удалгүй Иааков мал сүрэг, гэр бүлээ гүйцэж очлоо. Түүнийг тосон ирж яваа хүнийг харвал тэр нь Эсаав зарц нартайгаа яваа ажээ. Иааков зүрх нь дэлссээр тэдний өөдөөс очихдоо эвлэрлийн тэмдэг болгож долоонтаа газар унаж мөргөв.

Гэвч, Эсаав угтан гүйж ирээд, түүнийг тэвэрч үнсэн

- Иааков, чамайг дахин харсандаа ямар их баярлана гээч! хэмээхүй Иааковын зүрхнээс бул хар чулуу унах мэт болоод, Эсаав ч түүнд уурлаж хилэгнэсэнгүй билээ. Ахынх нь зүрх сэтгэл зөөлөрснийг үзээд Эсаавд нөлөөлж өгөхийг Бурханаас Иааков хүсэн, түүний залбирлыг ч Эзэн сонсвой. Хоёул баяр хөөрийн улмаас уйлалдаж Эсаав ах нь Рахээл, Лэа бас тэдний хүүхдүүдийг хараад хэн болохыг нь асуусанд

- Энэ бол Эзэн надад бэлэглэсэн хүүхдүүд гэв.

Тэгэхэд Рахээл, Лэа, шивэгчид, Иааковын хүүхдүүд газар тултал мэхийн

Эсаавд мөргөж ёслов. Эсаав цааш нь

- Миний замд тааралдсан хонин сүрэг, үхэр, ямаа чинь ямар учиртай, юунд чи тэднийг надад илгээдэг билээ? Надад энэ бүгд өч төчнөөнөөрөө бий, дүү минь чи өөрийн хишгийг өөртөө үлдээ гэв. Иааков Эсаавыг гуйж гувшин

- Бурхан надад элбэг дүүрнээр соёрхсон болохоор, бэлгийг минь тогтоож үз, надад бүгд байгаа хэмээн ятгасанд Эсаав бэлгийг нь хүлээн авчээ.

Тэгээд Эсаав дүүдээ хандан

- Миний суугаа нутаг руу хамт явцгаая гэсэнд Иааков

- Би тийм түргэн явж чадашгүй нь. Хүүхдүүд маань ядмаг, хурга ишиг олон, хурдан туувал хамаг мал сүргээ дуусгана гэсэн үг гэлээ.

Ийнхүү Иааков Эсаавтай явсангүй. Тэгээд Эсаав ах нь Кэнаан газрын захад алс зайдуу байгаа гэр орондоо буцжээ. Харин Иааков Иардээн голыг гатлаад Кэнаан нутагт Шэхээм хотоос холгүйхэн буудаллав. Тэрбээр майхнаа татаж, тахилын ширээ босгоод Эзэн Бурханд мөргөлөө.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Иааков гэртээ харихдаа юунаас айж байсан бэ?

  2. Ахан дүүсийн уулзалт ямар болов?

  3. Иааков ямар нэртэй болсон бэ?

13. Ахан дүүс эргэн учрав00:00 / 06:05