Иааков харь оронд

Иааков харь оронд

Библи, Эхлэл номын 29, 30, 31:1-12

Явсаар сүүлдээ Иааков, төрөл төрөгсдийнхөө суудаг тэр газар нутагт ирээд

- Лавааныг танихгүй биз хэмээн малчдаас асуувал

- Танина аа, тэр баахан мал туугаад ирж яваа охиныг харж байна уу? Энэ чинь Лавааны бага охин Рахээл гэцгээв. Ийнхүү Иааков зорьж гарсан газраа ирсэн гэж итгээд Бурханд чимээгүйхэн талархаж, Рахээлийг хонио услахад нь хамжилцав. Рахээл үнэхээр үзэсгэлэнтэйг Иааков шууд ажигласан ч өөрийгөө хэн болохыг түүнд хэлээгүй л байлаа.

- Та яагаад надад тусалж байдаг билээ? гэж Рахээл асуулаа.

- Авга эгч Ривкаа чинь эрд гарахаар, олон жилийн өмнө Кэнаан газар явсан даа гэвэл Рахээл

- Мэднэ ээ. Манай аав Лаваан надад ярьсан. Харин та хэн юм? гэхэд

- Би Иааков, Ривкаагийн хүү гэлээ. Рахээл баярлан хөөрч

- Та чинь миний хамаатан болж таарах нь ээ! Манайд тавтай морилогтун! гэлээ.

Лаваан ч Иааковын сургийг дуулмагц баяртайгаар тосон гүйж очоод

- Гийчин болж гэрт минь ор гэснээр Лавааныхныг бөөн хөөр хөгжөөн эзэлжээ. Баярын зоог шүүс бариад, Иааков ойр төрлийнхнийхөө талаар эцэг Иэцхаак нь бүр хөгшрөөд юм харахаа больсон, Ривкаа мэнд мэдүүлсэн, өөрөө ихрийн өрөөсөн, бас эцгийн ерөөлийг авч өв залгамжлагч болсон гээд л урт яриа дэлгэв.

- Хэлээч, хө, аав чинь чамайг аянд явахыг зөвшөөрөө юү? хэмээн Лавааныг асуухад

- Тэр ч байтугай өөрөө илгээсэн! гэж Иааков хариулаад.

- Би эндээс эхнэр авах учиртай юм аа гэлээ. Ингэхдээ тэр жаахан улайсхийгээд Рахээл тийш нууцхан харц шидээд авав.

Нэг сар болсны дараа Лаваан, хийж өгсөн ажлынхаа учир ямар шан харамж авмаар байгааг Иааковаас асуувал, энэ тухай хэзээний бодож байсан тэрбээр

- Гэрлэх хүн, эхнэрийнхээ эцэгт сүй өгөх ёстойг Лаваан та мэднэ дээ. Би Рахээлтэй суумаар байна. Хэрэв та зөвшөөрвөл би Рахээлийн төлөө сүй болгож танд долоон жил ажиллаж зүтгэмээр байна хэмээвээс Лаваан инээмсэглэн толгой дохиод

- Мэдээж, өөр хэн нэгэнд биш чамд л охиноо гэргий болгож өгсөн нь дээр гэжээ.

За ингээд Иааков долоон жил Лавааныд ажил хийлээ. Хоног хугацаа өнгөрч, удаан хүлээсэн өдөр иржээ. Хурим дээр сүйт бүсгүй торгон алчуур битүү ороодог ёстой байж. Маргааш өглөө нь л эр нөхөр эхнэрийнхээ нүүрийг харна. Алчуураа бүсгүй авсан чинь мөнөөх гэргий нь Рахээл биш, түүний эгч Лэа байсанд Иааков сочин дүрсхийж Лаваан руу ухасхийн

- Энэ чинь юу болж байна? гэж хашхираад

- Леагийн төлөө биш Рахээлийн төлөө би танд долоон жил зүтгэсэн! Та намайг хуурчээ! гэсэнд

- Мэдэж ав, манай энд эгчээс нь түрүүлж дүүг нь эрд гаргадаггүй юм гэв.

Иааков газар элэглэн уйлж унжаад, мэхлэгдэнэ гэдэг ямар аймаар юм болохыг сая л ухаарчээ. Лаваан ч Рахээлтэй гэрлэхийг нь Иааковт зөвшөөрч, одоо түүний төлөө дахин долоон жил зарагдах ёстойг Иааковт хэллээ. Тэр үед эр хүн хэдэн ч эхнэр авч болдог байсан тул Иааков энэ саналыг зөвшөөрөв.

Долоо хоногийн дараа дахин хурим боллоо. Энэ удаа харин хуурал мэхлэл гарсангүй. Иааков одоо хайртай Рахээлтэйгээ гэрлэжээ. Иааков дахин долоон жил хадамдаа ажил хийж өглөө. Энэ хугацаа дуусаад л тэр бас л Лавааныд ажиллав. Одоо бол харин бэрийн сүй болгох биш, өөрөө үхэр, хонь, ямаа гээд арвин сүргийн эзэн болжээ. Эцсийн эцэст мал сүрэг нь Лавааныхаас ч олон боллоо. Үүнээс гадна тэр арван нэгэн хүү, нэг охин буюу арван хоёр хүүхэдтэй болсон байна. Эзэн түүнтэй цуг байж, ивээж ерөөх тул тэрбээр сэтгэл хангалуун сууна.

Гэвч удалгүй, Лаваан болон тэдний хөвгүүд түүний эд баялагт атаархах болсныг Иааков ажиглав. Энэ үед Бурхан түүнийг эцэг өвгөдийнхөө газар нутаг, төрсөн гэртээ буцах хэрэгтэйг хэлжээ.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Иааков Рахээл хоёр яаж танилцав?

  2. Лаваан Иааковыг яаж мэхэлсэн бэ?

  3. Лавааны хөвгүүд Иааковтой яагаад өөрөөр харьцах болсон бэ?

12. Иааков харь оронд00:00 / 04:46