Эх орондоо эргэж харина

Эх орондоо эргэж харина

Библи, Иэрмэяа, 31 дүгээр бүлэг, 31-34 дүгээр эшлэл

Даниэлийг бага байхад нь Вавилонд авчирсан боловч тэрээр, харин хөгшин болсон хойноо ч эх нутагаа, бас ард түмнийг нь буцааж авчирна гэсэн Бурханы амлалтыг санасаар байв.

А-яа, сүмийг дахин сэргээж босгоод, хамаг иэхүдаа хамтдаа Бурханд мөргөн хүндлэхээр дахин цуглах цаг ирээсэй билээ!

Даниэль гэртээ бүгээд, мацаглан байж Бурханд залбиран

– Эзэн минь ээ, Та бол аугаа бөгөөд ариун Бурхан. Таныг эрхэмлэн дээдэлдэг бүхэнд Та жинхэнэ энэрэл нигүүлстэн билээ. Таны ард түмэн бидний зөвт бус үйл үнэхээр их. Иймээс ч биднийг харь оронд байлгахаар, Иэрүшалээмыг та сүйтгүүлсэн. Гэвч би энэрэл нигүүлслийг тань мэдэхийн хувьд, Танд мөргөн гуйх минь. Миний ард түмний гэм бурууг уучилж өршөөн, эх орондоо эргэж буцахыг нь болгоон соёрхооч! хэмээсэнд Бурхан ч энэ залбирлыг сонслоо.

Исраэльчууд эх нутагтаа эргэж ирэх зөвшөөрөл Даниэлийг өнгөрсний дараа хүлээн авсан тул тэр харин өөрөө Исраэльд эргэж ирээгүй юм.

Еврэйчүүдийн эх орондоо буцахыг Вавилоны хаан зөвшөөрөөд зогсоогүй, Иэрүшалээмын сүмийг тоноход авсан хамаг л алт мөнгөн сав суулгыг ч тэдэнд буцааж өгсөн байна.

Исраэльчуудын баяр хөөрийг төсөөлөн хэлэхийн аргагүй байлаа. Эцэст нь тэд ийнхүү эрх чөлөөтэй болдог байжээ!

Гэлээ ч тэдний заримд нь эх нутагтаа эгж буцах эр зориг дутжээ. Тэд чинь энд гэр орон, цэцэрлэг талбай, айл хөрш, анд нөхөдтэй боллоо шүү дээ. Исраэльд бол харин эвдэрхий балгас л угтаж, эвлүүлж босгох ихээхэн бэрх ажил ундарна даа.

Гэхдээ энэ хүнд бэрхээс шантрахгүй хүн олон байлаа. Тэд Иэрүшалээмд эргэн ирж, Эзэний сүмийг сэргээн босгохоор шийджээ.

Исраэльчууд эх орондоо эргэж ирэх зорилгоо гүйцээтэл, олон олон долоо хоног өнгөрчээ. Тэд энд ирэхэд, орон байр нь нурж сүйрэн, бүтэн үлдсэнийг нь өрөөл бусад эзлэн суугаад, хэдийвээр тэд арчилж боловсруулан өөрсдийн өмч эдлэн гэж үздэг ч цэцэрлэг талбай нь хог зэрлэгтээ баригдаж гүйцсэнийг үзлээ. Тэдний өмнө мөн ч их зүтгэл, тун ч хүнд ажил тулгарч дээ!

Хамгийн гол нь, одоо тэдэнд хамах өвс, хагалах газар, тарих тариа, хураах ургац, суух сууц, агуулах сав юу ч байсангүй.

Энэ бүхнээс илүүтэй, олзонд байхад олдоогүй боломж буюу Эзэний сүмд

Түүнийг магтах нь чухал байлаа!

Гэтэл одоо сүм байдаггүй. Нэгэн цагт үзэсгэлэн төгөлдөр асан Иэрүшалээм хот өдгөө эвдэрхий туурь болоод хэвтэнэ.

– Сүмийг сэргээн босгоход их хугацаа хэрэгтэй болж мэднэ, харин тахилын ширээг бол бид одоо ч босгож болно шүү дээ. Түүнийг анх байсан яг тэр газарт нь барих хэрэгтэй хэмээн тахилч хэлжээ.

Ингээд, хүмүүс тахилын ширээнд зориулан талбай газрыг цэвэрлэж цэгцэлж гарав. Удалгүй тэд, уугуул нутагтаа эргэж ирэхийг зөвшөөрч соёрхсонд нь талархан, Бурханд тахил өргөж чаджээ.

Олон жилийн хойно л тэд шинэ сүмээ ариулан өргөсөн байдаг. Иэрүшалээм ч дахиад л өндөр гэгчийн хана хэрэмтэй, үзэсгэлэн төгөлдөр хот болон сүндэрлэжээ.

Исраэльчуудыг Вавилоны олзлооноос буцаж ирсний дараа Бурхан зарлиг тушаалаа сануулах хэмээн, эш үзүүлэгчдийг дахин дахин ирүүлж, ард олноо удаа дараа гэсгээн, улмаар дараа нь уучилж өршөөхөд хүрчээ.

Хэзээ нэгэн цагт юм бүхэн хэзээний байснаасаа өөр болно гэдгийг Бурхан аль эртний л, элч нарынхаа амаар хэлүүлсээр ирсэн бус уу?

«Үзэгтүн, тэр цаг ирлээ. Эзэн Би тунхаглаж байна. Исраэль, Иэхүдаагийнхантай Би шинэ гэрээ байгуулна. “Энэ болбоос эцэг өвгөдтэй нь Миний байгуулсан, Мисиир нутгаас тэдний барьж гарсан гэрээтэй адилгүй. Би тэдний хувьд анд нөхөр атал энэ гэрээг тэд зөрчсөн. Эзэн Би тунхаглаж байна. Энэ юун гэвээс, эдүгээ цагийн дараа Исраэлийнхантай байгуулах энэхүү гэрээ бол: эдэнд Би зарлиг тушаалаа өгч, элэг зүрх, сэтгэл оюунд нь бичих агаад тэдэнд Би Бурхан нь, тэд Надад ард түмэн минь болох тийм гэрээ байх болно. Эзэн Би тунхаглаж байна. Яваандаа тэд дордсоосоо дээдсээ хүртэл Намайг таньж мэддэг болох учир тэдний хэн нь ч “Эзэнийг таньж мэд” хэмээн өрөөл бусдадаа юмуу өөрийн ах дүүд хэлж сургах хэрэгцээ гарахгүй. Эзэн Би тунхаглаж байна. Энэ юуны учир гэвээс эдний нүгэл хилэнц, гэм бурууг Би уучлаад эргэж дахин эс санаму.” (Библи, Иэрмэяа, 31 дүгээр бүлэг, 31-34 дүгээр эшлэл).

Ярилцах асуултууд

1 асуулт
  1. Бурхан энэхүү амлалтаа хэзээ хэрэгжүүлнэ хэмээсэн билээ?

49. Эх орондоо эргэж харина00:00 / 05:26